Оны эхэнд оруулж ирэх 100 автобусыг ачихад бэлэн болгожээ

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр БНХАУ-аас 100 автобусыг 2023 оны 1 дүгээр сарын 5-нд оруулж ирэхээр шийдвэрлэснийг мэдээлсэн билээ.

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн явцыг Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад, "Эхний 100 автобусыг үйлдвэрлээд бэлэн болгосон. Хараахан ачаагүй байна. Дараагийн ээлжинд оруулж ирэх 124 автобусыг 2 дугаар сардаа багтаан нийлүүлэх хэвээр” гэв.

Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд байгаа. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх юм. Нийслэлд хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн хийж байгаагийн 1.8 сая нь хувийн машинаар зорчдог бол 685 мянга нь автобусаар, 300 мянга гаруй нь явган алхдаг, нийт 124 чиглэлд 1432 автобус хэрэгтэй гэх тооцоо бий.

Сэтгэгдэл бичих