/TASS/. Геминид солирын урсгалын оргил үе лхагва гарагт шилжих шөнө тохионо гэж Москвагийн одон орон судлах төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Энэ жил урсгалын хурд нь секундэд 34 км байх бөгөөд хамгийн оргил үедээ цагт 150 хүртэл солир ажиглагдах боловч Сарны гэрэл ажиглалтад саад болно гэж Солир судлалын олон улсын байгууллага мэдээлсэн байна. Учир нь солирын урсгалын сүүлийн мөчлөг Сартай ойрхон байх ажээ.
Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны ордны Кастор одны ойролцоо байрлах гэнэ.
Геминид бол жил бүрийн 12 дугаар сарын 4-нөөс 17-ны хооронд ажиглагддаг хамгийн хүчтэй солирын урсгалуудын нэг юм. Бусад ихэнх "солирын борооноос" ялгаатай нь энэ урсгалын үүсгүүр нь сүүлт од биш харин 1893 онд нээсэн 3200 Фаэтон (3200 Phaethon) хэмээх бага гараг ажээ. Одон орон судлаачид Геминидийг солир ба сүүлт оддын хоорондох завсрын биет гэж үздэг байна.