“Эрдэнэс Тавантолгой” компанитай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн ААН-үүдийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.

Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаан хад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 компани нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ.

Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтөйгээр АТГ-аас нийтэд ил болголоо.

/СУМ ДЭЭР ДАРЖ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ/

Жагсаалтын дэлгэрэнгүйг АТГ-ын албан ёсны цахим хуудсаас үзэх боломжтой   https://iaac.mn/post/104788
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудалд одоогоор хэрэг бүртгэлтийн 11 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих