Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар Онцгой дэглэм тогтоолоо.
Тогтоолыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт болон Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар өнөөдөр танилцуулав. Мөн тус компанид Засгийн газраас ажиллах Бүрэн эрхт төлөөлөгч томилж, үүнтэй холбоотойгоор ажлыг нь хүлээлгэн өглөө. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилоод байна.
Тэрбээр компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган, компанийг бүрэн төлөөлөн ажиллах талаар Засгийн газрын тогтоолд тусгажээ. Онцгой дэглэмийн хугацаанд:
- "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох,
- Компанийн засаглалыг сайжруулж, бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайланг нь үнэлж дүгнэн гаргах,
- Онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, иргэд, олон нийтийн үйл ажиллагаанд хэв журам сахиулан ажиллах аж.
- Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн адуит хийлгэж, дүгнэлт гаргуулах,
- Хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагааг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж арга хэмжээ авна.
Түүнчлэн төмөр замын ашиглалтыг сайжруулахад анхаарч, Засгийн газартай зөвлөлдөн ажиллана гэв.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг 2018 оны наймдугаар сард үүсгэн байгуулсан, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Тус компани 2019-2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэжээ. 2020 оны 3 дугаар сараас Монгол Улсын анхны I зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын суурь бүтцийг тавьж барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлснээр энэ оны 9 дүгээр сарын 9-нд тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Тус компанийн нийт хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК тус тус эзэмшиж байна. Дашрамд мэдээлэхэд, Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 30-ны тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийгш хэрэгжүүлэгчээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг тогтоосон юм.