НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо

оруулсан Алсын Хараа

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэний дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд 2-оос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.

Тэрбээр “Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт энэ сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрөл олгож байгаа. Жагсагчдаас барих гэр шаардлагатай гэж үзэн, хүсэлт гаргавал яаралтай хэлэлцээд хариу өгөхөд бэлэн” гэж онцолжээ.

Нүүрсний асуудалд холбогдсон улс төрчдийн нэрсийг зарлахыг шаардсан жагсаал цуглаан тайван замаар 9 дэх өдрөө үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих