Энэ өдрүүдэд Катар улсад болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ болон шувтаргын тоглолтын бөмбөгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ албан ёсны цахим хуудсаараа танилцууллаа.
Бөмбөгийг “Al Hilm” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь арабаар "Мөрөөдөл" гэсэн утгатай ажээ. Тэмцээний хэсгийн шат болон хасагдах шатны эхний хоёр тоглолтод "Аялал" гэсэн утгатай “Al Rihla” хэмээн нэрлэсэн бөмбөгөөр тоглосон юм.
“Al Hilm” бөмбөгт мөн “Connected Ball" технологийг ашигласан бөгөөд энэ нь тоглолтын үеэр шүүгчдэд үнэн зөв, хурдан шийдвэр гаргахад тусалдаг аж. Бөмбөгийг анх удаа зөвхөн усан суурьтай бэх, цавуу ашиглан хийжээ. Гол өнгө нь алтан шаргал өнгө юм. Мөн Доха хотыг тойрсон элсэн цөлөөс санаа авсан гурвалжин хээ оруулжээ. ““Al Hilm” бол дэлхий нийтийг нэгтгэдэг спорт, хөл бөмбөгийн хүч чадлыг илэрхийлнэ" гэж “Аdidas” компанийн топ менежер Ник Краггс мэдэгдсэн байна.
"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Аргентины шигшээ баг Хорватын багтай (12 дугаар сарын 13), Франц Мароккогийн шигшээ багтай тоглоно. Шувтаргын тоглолт 12 дугаар сарын 18-нд «Лусаил» цэнгэлдэх хүрээлэнд болж, дэлхийн аварга тодорно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлал