Шударга ёсны нэхэмжлэл болсон иргэдийн жагсаал өнгөрөгч долоо хоногийн гол үйл явдал байлаа. Төрд шүглэсэн хулгай луйварт эгдүүцсэн иргэд Сүхбаатарын талбайг пиг дүүргэж, шинэ үеийн залуус дуу хоолойгоо хүчтэй илэрхийллээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр мөнөөх л мөнгөөр биеэ үнэлж, захиалгаар жагсагч хүн сүргийн төлөөлөл энэ удаагийн иргэдийн жагсаал цуглааныг бузартуулах гэж хэдэнтээ оролдов.
Энэ оны хавраас нүүрсний хулгайг илчилж, иргэд болоод эх орны нэрийн өмнөөс алдагдсан боломжийн өртөгийг хулгайчдаас нэхэл хатуу нэхэж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах санаархал үе үe илтэд хүчтэй цухалзаж байна.
3асаг огцорчихвол ял байхгүй гэж бат итгэсэн нүүрсний хулгайч нар үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг хулгайн мөнгөөрөө жагсагчдыг худалдаж авахаар улайрсан ч итгэл үнэмшил, хүсэл зоригоороо нэгдсэн залуус тэдний адын хүсэлд тээг болов. Мэдээж энэ бүхний хажуугаар их гүрнүүдийн геополитикийн бодлого, тyурга тyсгаар Монгол улсыг эрхшээлдээ байлгах гэсэн далдын санаархал ч давхар цухалзаж байгааг нуух юун. Монголыг Беларусь, цаашлаад Украин болгож, мөнхийн эв эегүй үймээн самуунтай, өөр хоорондоо эв түнжингүй үлбэгэр сул тоглоомын улс болгох харийн бодлого сүүдэр шиг дагасаар өдийг хүрсэн нь энэ цагт улам ч илэрхий тод мэдрэгдэх боллоо. Л.Оюун-Эрдэнийн 3асгийн газрын хэт зоримог, эрс шийдэмгий бодлого нүүрсний хулгай таалагдахгүй байгаа шигээ их гүрнүүдийн эгдүү дургүйг хүргэж байгаа нь нууц биш. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж эрчим хүчний тусгаар тогтнолын талаар бодитой үйлдэл, хийж эхэлсэн нь, Эгийн голын УЦС-ыг барихын төлөө тууштай зүтгэнэ гэсэн гөжүүдлэл нь, эдийн засгийн судас болсон төмөр замуудаа монголчууд өөрсдөө барьж ашиглалтад оруулан экспортын хоёр, бас гyрав дахь гарцаа нээгээд буйд тааламжгүй хандах шалтгаан байж л таараа.
Гурван сая таван зуун мянган иргэндээ байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээнэ хэмээн амлаж, түүнийгээ Yндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулж, өнөөдөр түүнийгээ давхар нотлон баялгийн хулгайтай тууштай тэмцэж байна.
Мэдээж энэ их мөнгө, хязгааргүй их шуналын бузар дэв, уурхайгаас төр хүртэл үүрлэсэн улс төр эдийн засгийн бүлэглэлийн зохион байгуулалттай "нүүрсний мафи”-тай тэмцэж буй ширүүн тэмцэл учраас 3асаг огцрох хэмжээний том эрсдэл дагуулах нь эхнээсээ л ойлгомжтой байсан. Тиймээс ч энэ тэмцлийн шийдвэрлэх тулааны өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга бус тэмцлийн эсрэг баг болж, үүрэг хариуцлага, үүрэх ачаагаа хамт дааж чадах нөхдөөр танхимаа бэхэлж энэ тэмцэлд ханцуй шамлан орсон. Түүнийг Шинэ сэргэлтийн бодлогоо анх дэвшүүлж байхад үлгэр ярилаа гэж шүүмжлэгсэд хэтэрхий олон байсан.
Харин өнөөдөр "үлгэр" гэгдэж байсан бодлого нь эхнээсээ бодит болж, шинэ төмөр замууд баригдаж, боомтын боймууд тайлагдаж, эрчим хүчний гацсан төслүүд гараанаас хөдөлж, шударга бусын эсрэг үг үйлдлийг нь тууштай дэмжигсэд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, эдийн засагт анхны урь орох шинж ажиглагдаж буй нь магадтай үнэн.
Хойд хөршийн дайн самуун, урд хөршийн хөл хорио давхар тушсан амаргүй цаг үед амжилттай ажиллаж буй энэ засаг тогтвортой байж гэмээнэ монголчууд бултаараа хожно. Эс бөгөөс нүгэл нь нүдээрээ улалзсан нүүрсний хулгайчид ялж, тэдний харцаар хөдөлдөг доожоогүй тоглоомын Засгийн газар байгyулагдах нь тодорхой. Тийм болохоор гарман дээр морио сольдоггүй монгол хүний саруул ухаанд найдах цаг нэгэнт иржээ. 3асгаа огцруулах биш харин зангарагтай байж, хулгай худал бүхэнтэй хатyу тэмцэхэд нь ташуур өгөх нь энэ удаагийн иргэдийн жагсаалын үндсэн зорилго болж байна.
Х.Цэцэн