О.Батнайрамдал: Нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг цахим биржээр арилжаална

оруулсан Алсын Хараа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Нүүрсний “хулгайн” хэрэг өндрөө авч олон нийт төв талбай дээр өдөр өнжихгүй жагсаж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэр дундаа сүүлийн хоёр жил таны автораар уул уурхайн шинэчлэл эрчимтэй яригдсан. Хэзээ бодит ажил хэрэг болох вэ?  
-Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал гэв гэнэт гарч ирээгүй. Олон жил хуримтлагдаж ирснийг олон нийтэд ил болсон мэдээллээс харж болно. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаагаа засч сайжруулаад явахын тулд тогтолцооны томоохон шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлагатай. Ингэж байж уул уурхайн салбарыг зөв голдиролд нь оруулж, олон улсын жишигт нийцүүлэх боломж бүрдэнэ.
Тогтолцооны шинэчлэл хийх асуудал өнөөдөр нийгэмд бухимдал үүсгээд байгаа нүүрсний асуудалтай холбоотойгоор яригдаж байгаа ч юм биш л дээ. Шинэ сэргэлтийн бодлогод Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд саналаа тодорхойлж хүргүүлсэн. Энэ хүрээнд цогц шинэчлэл хийх боломж бүрдсэн. Одоо бол “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсээ зарж байгаа үнэ Хятадын зах зээл дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний ханшийн хооронд том зөрүү бий.
Хамгийн сүүлийн үнийг харвал, уурхайн ам нөхцлийн үнэ 110 ам.доллараар зарагдаж байхад цаана гараад Хятадын талын нөөц зардлаа хасаад 190 орчим ам.доллар байх жишээтэй. Үүнээс болж боломжит орлогоо алдаж байна. Хоёрдугаарт, 10 мянга гаруй тээврийн компани  уртын болон богинын тээвэрлэлт хийж байгаа ба төр өөрөө үүнийг хийхгүй байгаа учраас алдагдал, дундын зуучлагчид орж ирэх орон зай тэр чигтээ нээгдэж байна. Мөн нүүрсний борлуулалтыг хэн хийгээд байна вэ, гэрээнүүд ил тод биш, процесс яаж явж байгаа, Үнэлгээний комисс нэрээр хэдхэн хүн шийдэж байгаа гээд асуудал их бий. Тиймээс цаашид энэ бүхнийг цэгцлэх шийдэл нь хэн нэгнээс хамааралгүйгээр ил тод нээлттэй явуулах буюу биржээр арилжаалах ёстой. Уул уурхайн салбарын шинэчлэлийн хүрээнд хийсэн нэг ажил бол хайгуулын тусгай зөвшөөрлийг бүрэн цахим болгосны үр дүнд сонгон шалгаруулалт, тусгай зөвшөөрөл цахимаар явагдаж байна.
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр цахимаар арилжаална гэж ойлголоо. Төр, хувийн гэж ялгахгүйгээр бүгдэд нээлттэй байх уу. Журамд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?
-Бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хоёр жилийн өмнө Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан. Энэ оны нэгдүгээр сард одоогийн Засгийн газар, тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ахалж УИХ-д өргөн барьснаар ажлын хэсэг байгуулсан.
Уул уурхайн салбарын богино болон дунд хугацааны шийдлийг бид харж байгаа. Богино хугацааных нь “Эрдэнэс тавантолгой” компанитай уялдуулаад Засгийн газрын 362 дугаар тогтоол гарч онцгой дэглэм тогтоосон. Үүн дотор нэг заалт орсон нь “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг хил нөхцлөөр цахимаар арилжаалах нөхцөл туссан учраас манай яам бүх бэлтгэлийг хангаж түр журмыг нь боловсруулаад дуусч байна.
Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа. Нэг ёсондоо заавал хууль батлагдахыг хүлээхгүйгээр гаргаж ирж байгаа шийдэл бол биржийн цахим арилжаа. Уул уурхайн биржийн эрх зүйн орчин бүрдээгүй ч түр журам гаргаж шинэчлэлийг яаралтай эхлүүлье гэж байгаа юм. Сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санаачилж  Монгол Улсын нүүрсний 90 гаруй хувийг гаргадаг Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтын чингэлэг тээврийн терминалыг төр, хувийн хэвшлийн хүрээнд амжилттай байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл, задгайгаас гадна чингэлэг тээврээр нүүрс гарч байгаа нь хил нөхцлөөр нүүрсийг цахимаар арилжаалахад дэд бүтэц нь болох хангалттай боломж бүрдэж байна гэж хэлж болно. Чингэлэг тээврийн терминалд “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” гэсэн гурван компани хөрөнгө оруулалт хийгээд өөрсдийн квотоороо ашигладаг. Тиймээс эхний ээлжинд эдгээр гурван компани цахим биржийн арилжаанд оролцох боломж бүрдсэн.
Нүүрсийг биржээр худалдаалах журмыг боловсруулж байх явцад хувийн хэвшлээс "Энержи ресурс" компани сайн дураараа цахим биржээр нүүрсээ арилжихад оролцох саналаа ирүүлсэн. Тиймээс оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгаж, хүссэн аж ахуйн нэгж уул уурхайн биржид нэгдэж, цахимаар бүтээгдэхүүнээ борлуулах  боломжийг олгож байгаа учраас хувийн секторуудад ч нээлттэй. Цахим биржид оролцох компаниуд чингэлэг тээврээр зөөх нүүрсээ амаар биш хил нөхцлөөр арилжаалах боломжтой болж байгаа юм. Ингэснээр хаалттай хаалганы цаана үнэлгээний комисс шийдвэрлэдэг байсан бол нээлттэй, ил тод цахим арилжааны системд шилжих орчныг бүрдүүлж байна. Тодорхой хэлбэл, цахимаар арилжаалахдаа хамгийн өндөр үнэ хэлсэн худалдан авагчийг автоматаар сонгоод явчих учраас хэр их бүтээгдэхүүн ямар чанартайгаар, хэдэн төгрөгөөр зарагдав гэдэг нь олон нийтэд нээлттэй болно. Мөн биржээр арилжаалж байгаа бүтээгдэхүүн Гашуун сухайт боомтын үнээр зарагдана. Энэ шинэчлэл нүүрсний асуудал гарсан гараагүй аль хоёр жилийн өмнөөс хийгдээд явж байсан. Зайлшгүй хийгдэх ёстой гэж хэлж болно.
-Цахим арилжааг хэн хийх вэ. Дахиад нэг төрийн өмчит компани шинээр байгуулах уу гэсэн шүүмжлэл гарч ирнэ?
-Боломжит хувилбаруудыг гаргаж төр, хувийн хэвшил гэлтгүй бүгдтэй нь уулзлаа. Эцэстээ хамгийн оновчтой шийдэл нь Монголын хөрөнгийн биржийн анхдагч арилжааны платформыг ашиглахаар боллоо. Энэ платформ дээр эхний ээлжинд “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсийг цахимаар арилжаална. Энэ хооронд Монголын хөрөнгийн бирж 34 хувиа олон нийтэд санал болгож нээлттэй компани болох ажлаа давхар хийх юм билээ. Олон нийтийн хяналттай нээлттэй компани болж байгаа нь бас нэг давуу тал гэж харж байгаа.
Эрдэс баялгийн биржийг байгуулахдаа дахиад нэг төрийн өмчит компани байгуулж шинэ бүтэц, төсөв тавих шаардлагагүй. Одоо байгаа боломжоо ашиглая, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн ашиглах вэ гэдэг гаргалгааг хууль дээр оруулж байна. Олон улсын жишгээс харахад өндөр хөгжилтэй орнуудад төрийн оролцоо бага, хувийн болон олон нийтийн компанийн хэлбэрээр ихэнхдээ явдаг. Харин хөгжиж буй орнуудад бол төр, хувийн хэвшлийн түншлэл, эсвэл хувьцаат компанийн хэлбэр гээд янз бүр байдаг юм билээ.
Бирж бол худалдагч, худалдан авагчийн итгэлийн үндсэн дээр арилжаа хийгдэж байгаа плафторм учраас нэг ёсондоо оролцогч талуудын итгэлийг зарж байгаа стандарт гэж ойлгож болно. Тиймээс ямар ч туршлагагүй компани байвал итгэл төрж өгөхгүй. Тэгэхээр эхний ээлжинд буюу үйл ажиллагаа нь тогтворжтол төрийн ямар нэг оролцоо дэмжлэг шаардлагатай. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаж төрийн өмчийн оролцоог Монголын хөрөнгийн биржээр хангаж, хувийн хэвшил болон олон нийтийн оролцоо, хамтран ажиллах боломжийг олгож байгаа.
-Эрдэс баялгийн бирж байгуулна гэвэл зөвхөн нүүрснээс гадна төмрийн хүдэр, зэсээ цахимаар арилжаална гэсэн үг үү. Мөн бонд, хувьцаанаас ялгаатай биет бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрсдэл, асуудал ч дагуулж мэдэхээр?
-Тогтолцооны шийдэл дотор эрдэс баялгийн бирж зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэл гэж харж байгаа. Олон улсын жишгийг авч үзвэл дэлхий дээр 200 гаруй таваарын бирж байдаг. Тэр дундаа Азид хамгийн олон нь байгаа. Дэлхийн хамгийн томоохон таваарын биржүүд манай урд хөршид байна. Таваарын бирж гэхээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус ургамлын тос, хөдөө аж ахуй, металл, байгалийн хий, газрын тос орсон томоохон зах зээл бий. Тиймээс дэлхий нийтийн жишиг болсон энэ зарчим руу орохоос өөр аргагүй.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах судалгаа тооцоо нь 2014 онд хийгдэж, хуулийг боловсруулж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо олон нийт, улс төрийн дэмжлэг авахгүй найман жил дуншсан хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зоригтойгоор оруулж ирсэн. УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналаа эцэслээд анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдаанд оруулахад бэлэн болсон.
Монгол Улсын ам.доллар оруулж ирж байгаа нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. 2021 оныг бүтэн жилээр нь авч үзэхэд 8.6 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарсны дийлэнх нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаар дамжсан байна. Энэ том зах зээлд тогтолцооны шинэчлэл хийж байж экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд нээлттэй, ил тод, дундын зуучлагчгүй, олон улсын жишиг үнээр борлогдох нөхцөл бүрдэх юм. Үүний гарц нь цахим арилжаа, эрдэс баялаг уул уурхайн бүтээгдэхүүний бирж болж байгаа. Хуулийн гол консепц бол уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдахаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд заавал уул уурхайн биржээр дамжуулж экспортоо хийнэ. Мөн цахимаар арилжаалж байгаа бүтээгдэхүүн хил үнээр биржид борлуулагдана. Ам нөхцөл байх ёсгүй. Ингэж байж Монголынхоо байгалийн баялгийг олон улсын зах зээлд илүү ойртсон үнээр борлуулах боломжтой болж байгаа. Мэдээж цахим арилжаа бол хүний ямар ч оролцоогүй автоматаар хийгдэх учраас янз бүрийн асуудал гарах үндэслэлгүй.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж бол хувьцаа, бонд арилжаалахаас өөр. Арилжаа хийх зарчим нь ижил ч онцлогтой салбар. Нэг ёсондоо бирж дээр хувьцаа, бонд биш нүүрс, төмрийн хүдэр, зэс, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүн арилжаалагдана. Тэгэхээр ложистикийн төв, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори зэргээр дэд бүтэц бий болох зайлшгүй шаардлагатай. Ингэж байж худалдан авагч чанартай, итгэмжлэгдсэн лабораториор хянагдсан бүтээгдэхүүнийг хугацаанд нь хүлээж авах боломжтой болно.
Энэ нөхцөл боломжийг бүгдийг нь бэлэн болтол хүлээнэ гэвэл маш их хугацаа алдана. Харин өнөөгийн нөхцөлд байгаа итгэмжлэгдсэн лаборатори, чингэлэг тээврийн терминалиа ашиглаад эхлэх боломж нь байгаа. Тиймээс хугацаа алдах шаардлагагүй гэж харж байгаа. Цахим арилжаагаа хийгээд эхэлбэл бодит туршлага болно. Үүн дээр үндэслээд хуулийн дараа 11 журам батлагдах учраас тэр болтол цахим арилжааны шийдэл, шаардлагатай дэд бүтцээ төлөвлөж орчныг нь бүрдүүлээд явна. Ер нь цаашид байгалийн баялгийг зөв ашиглах хуваарилах том зургаар нь харвал, Үндсэн хуульд байгалийн баялгийн өгөөжийг Баялгийн сангаар дамжуулна гэдгээ тусгаад өгчихсөн. Тэгэхээр Үндсэн хуулийн болон практик аль аль шаардлага талаасаа ч гэсэн энэ удаагийн шинэчлэл зайлшгүй урган гарч ирж байгаа. Олон улсын баялгийн сангийн зарчим руу орох ёстой. Үүнтэй уялдуулж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар өргөн барина.
-Тантай ярилцсаных шатахууны нөөц ямар байна вэ. Ялангуяа, дизель түлшний нийлүүлэлт тасарлаа гэсэн асуудал гарч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахуун тасалдах байдал үүссэн үү?
- АИ-92 шатахууны хангалт, нөөц хэвийн байгаа. 30 гаруй хоногийн хангалттай нөөц бий. Дизель түлшний нийлүүлэлт дэлхий даяар нэлээн асуудалтай тулгарч байна. Бид Роснефть компаниас дизель түлшний нийлүүлэлтийнхээ 65-70 хувь, үлдсэнийг нь бусад аж ахуйн нэгжээр дамжуулж авдаг. Гэтэл ОХУ дотоодын хэрэгцээгээ нэн тэргүүнд хангахын тулд гуравдагч аж ахуйн нэгжийн худалдааг хязгаарлах бодлого баримталж байна. Үүнтэй холбоотойгоор манай зах зээлийн 30 хувийг хангадаг бусад гэдэгт орж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлт багассан. Үүнтэй холбоотойгоор бид Роснефть компаниас арванхоёрдугаар сарын захиалгаар 83 мянган тонн буюу сарын хэрэгцээгээ бүрэн хангах түлшээ баталгаажуулсан. Мөн БНХАУ-аас 20 гаруй мянган тонн дизель түлш авахаар болж эхний ээлжинд хагас нь орж ирж түгээлт хийгдэж байна. Тэгэхээр дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих