Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлснээр өчигдөр 00.00-24.00 цагийн хооронд тус компанийн уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108.123 тонн нүүрс тээрвэрлэжээ. Энэ нь тус компани үүсэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн дээд үзүүлэлт болж буй аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаад сар гаруй хугацаа болж байна.
Тус компанид Засгийн газраас томилогдон ажиллаж буй Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “ЭТТ” ХК өнгөрсөн хугацаанд 369.5 сая ам.долларын үнэ бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулаад буйг өчигдөр мэдэгдсэн юм. Үүнээс өнгөрсөн 11 дүгээр сард 205 сая ам.доллартой тэнцэх 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор гаргажээ. Монголбанканд 143 сая ам.доллар тушаагаад байна.
Одоо үлдэж буй төлбөрийг богино хугацаанд яаралтай барагдуулж, цаашид урьдчилж мөнгийг нь авахгүйгээр нүүрсээ борлуулж, борлуулалтын орлогоо өөрсдөө олдог, авдаг, төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ гэдгээ тус компани мэдэгдэж байна. Мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ нийлүүлдэг нөхцөлтэй гэрээ хийснээс болж манай улсад орох валютын урсгал дээр хүндрэл учирдаг нөхцөл байдал үүссэн юм.