Х.Нямбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 8 хүнийг баривчилсан

оруулсан Алсын Хараа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр мэдээлэхдээ “Засгийн газраас уг ажлын хэсгийг өчигдөр байгуулж, тэр оройдоо анхны хуралдаанаа хийсэн. Тус ажлын хэсэг нь нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээллийг Засгийн газрын харьяа агентлагуудаас яаралтай горимоор татна. Хоёрдугаарт, нарийн мэргэжлийн шинжээчдийг энэ ажилд татан оролцуулна. Гуравдугаарт, Засгийн газар хоорондын эрх зүйн харилцан туслалцах үзүүлэх гэрээний үндсэн дээр гадны улс орнуудаас хил гаалийн мэдээ мэдээлэл гаргуулж авах чиг үүрэгтэй ажиллана.

Хуулийн байгууллагаас урд шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 8 хүнийг хойшлуулшгүй журмаар баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Хишиг арвин индустрал" ХХК-ийн  албан өрөө, дээрх 8 хүний гэр оронд үзлэг шалгалтыг явуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын албан тушаалд Монголын Оюутны холбооны үе үеийн удирдлагууд томилогдон ажиллаж байсан ба тэдний дансанд ихээхэн хэмжээний мөнгө шилжин орсон байна. Түүнчлэн дөрвөн удаагийн үйлдлээр бүртгэлгүйгээр нүүрсний тээвэрлэлтийг явуулсан гэх өмнөх хэргүүдийг сэргээн шалгаж эхэлсэн.

Ер нь Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс тээвэрлэлт нь зөвхөн Гашуун Сухайтын боомтоор хилээр гарч байгаагүй. Мөн бусад боомтуудаар хилээр гаргаж байсан байж болзошгүй мэдээлэл байна. Иймд энэхүү хэрэг дээр аймаг тус бүрээс 2-3 мөрдөн байцаагчийг татан оролцуулахаар болсон. Цаашид ажлын хэсгээс өдөр бүрийн 11 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих