Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт хөгжөөд 60 гаруй жил болсон бөгөөд монгол хүүхэд бүр л багаасаа сагсан бөмбөгөөр тоглож өссөн нь орон нутаг, хот, хөдөөгүй сагсанбөмбөгийн самбар байрлуулсан айлын хашаа, орон сууцнаас эхлээд гудамж, талбай, сургууль, амралтын газрууд олон байдаг нь ихэд нөлөөлсөн гэж болно.
Өнөөдөр сагсанбөмбөгийн 3х3 болон 5х5 төрлөөр Монголын баг тамирчид олимп, дэлхий, тивийн хэмжээнд ур чадвараа сорьж жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа билээ.
Харин Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх онцгой нэг содон үйл явдал 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тохиосон билээ. Энэ өдөр удам дамжсан сагсанбөмбөгчин хүү Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA /National Collegiate Athletic Association/-гийг нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглосон юм.
Тухайн үед "Mongolian Mike" хэмээх хоч нэртэй болоод амжсан Ш.Энхийн-Од гарааны тавд гарсан төдийгүй энэ тоглолтод өөрийн багаас хамгийн өндөр оноог /14/ авч, 3 самбар, 5 ассист өгсөн юм. Түүний баг Линденвүүдийн их сургуулийн багийг 73:46-гаар илүүрхэн хожиж, Монгол хүү NCAA-д мөрөө гаргалаа. Тун удахгүй NBA-д түүхээ бичих өдөр ирнэ” хэмээн АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээлж байсан билээ.
АНУ-ын Финикс хотноо Ш.Энхийн-Од 2002 оны наймдугаар сарын 27-нд төрсөн, тэнд 2 жил амьдарсан. Одоо 20 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй. Түүний аав нь Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц Монголын сагсан бөмбөгийн од болж байсан хүн. Ш.Энхийн-Одын ах Мөнхийн-Од бас л сагсан бөмбөг тоглодог.
Ш.Энхийн-Од 8 настай сагсанбөмбөгөөр хичээллэж, 11 наснаасаа тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр NBA-гийн тамирчин болох, эх орондоо сагсанбөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг.
NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой Ш.Энхийн-Од 2019 оноос АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд Олон улсын спортын академи буюу "ISA"-гийн лигт бүрэн тэтгэлгээр тоглож эхэлсэн юм.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн Ш.Энхийн-Одын талаар АНУ-ын томоохон спортын сайтуудын нэг “SB Nation”-д гарсан нийтлэлд: “Бүхэл бүтэн ард түмний нүд “Майк Шаравжамц” дээр тусаж байгааг та мэдэхгүй байх. “Дэйтон Флайерс” багийн 6.8 фут өндөртэй шинэ оюутан улирлын эхний тоглолтоо “Линденвүүд Лионс” багийн эсрэг хийхдээ гайхалтай байлаа. “Майк Шаравжамц” нь “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн. Тэр коллежийн анхны тоглолтоо 10 оноо, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалттай дуусгасан. Түүний дэлхий даяарх мянга мянган фэнүүдийн хувьд энэ итгэлтэй анхны тоглолт нь баярлуулав. Түүний хувьд NCAA-гийн нэгдүгээр дивизионы тэтгэлэг авсан анхны монгол тамирчин, сүүлийн 10 жилд Дэйтоны гараанд нэрлэгдсэн 2 дахь нэгдүгээр курсийн оюутан юм. Майкийн аав Шарк гэгддэг Цэрэнжанхарын Шаравжамц хүүгийнхээ анхны тоглолтыг үзэхээр иржээ. “LSU”-гийн дасгалжуулагч байсан Дэйл Браун түүнтэй уулзах хүртэл 7 фут өндөртэй Шарк Улаанбаатарт дотоодын лигийнхээ од нь байсан юм” хэмээн онцолжээ.
Өнөөдөр Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг сонгож, NCAA-гийн нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авсан анхдагч монгол хүн болсон юм. Түүний баг улирал эхэлснээс хойш хоёр хожил, нэг хожигдол авсан байна. Ш.Энхийн-Од гурван тоглолтод гараанд гарч чамлахааргүй амжилт үзүүлснээрээ Монголоос NBA-д хамгийн ойрхон яваа тоглогч хэмээн нэрлэгдэж байгаа билээ.
Ш.Энхийн-Одын “Дэйтон Флайерсын монгол фэнүүд” гэх пэйж хэдийнээ 15 мянган дагагчтай болжээ. Мөн Монголоос Охайо муж руу зураг авалтын баг илгээж, түүний талаар баримтат кино хийсэн бөгөөд уг киноны трэйлерийг үзэгч 250 мянга болжээ.
Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл ямар зам туулж, хэрхэн хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргасан талаар түүний бодит амьдралыг харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.
Уг кино Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьер төдийгүй NBA Draft-д ихээхэн дэм болохын зэрэгцээ Монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгөх юм.
“Dayton Flyers” багт тоглож байгаа Ш.Энхийн-Од 12 дугаар cарын 17-нд Чикаго хотын "United center"-т 19.00 цагаас тоглоно. Ийнхүү АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд анх удаа Монгол Улсын тамирчин ур чадвараа сорих юм.
Ташрамд сонирхуулахад, Дээр дурдсан дасгалжуулагч Дэйл Браун, Германы цэргийн баазаас ирээдүйн шилдэг сагсанбөмбөгчин болох 12 настай Шакил О'Нилийг олж ирсэн аж. Браун анх 2001 онд Энхийн-Одын аав 2 метр 12 см өндөртэй Ц.Шаравжамцыг коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг болгохыг хүссэн ч тэр 27 нас хүрсэн учраас коллежийн сагсан бөмбөгт тоглох боломжгүй байв. Харин Ц.Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулж, Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгч болж байсан юм.