Г.Занданшатар: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэрэгжүүлнэ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” зорилтын хүрээнд 2023 онд боловсруулан батлуулах хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор УИХ, Засгийн газар хамтарч “Шинэ сэргэлт эрх зүйн шинэтгэл” зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд нийт 3 бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан, амьдралд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг хэлсэн юм.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд: 

 

•  Эдийн засгийн реформ-3 багц хууль

•  Нийгмийн бодлогын реформ-3 багц хууль

•  Засаглал, улс төрийн реформ-3 багц хууль

•   Энэ бүх шинэчлэлийн хүрээнд Төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах цогц арга хэмжээний багц хуулийг хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн реформын хүрээнд Эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрлэлийг сэргээх тухай хуулийг батална.

Нийгэм бодлогын реформын хүрээнд Боловсролын тухай багц хууль, Нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүний хөгжлийн тухай багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хуулиуд багтах аж.

Засаглал, улс төрийн реформын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтын тухай, Авлигатай тэмцэх тухай зэрэг хуулийн төслүүд багтсан байна.

Эцэст нь Төвлөрлийг арилгаж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний багц хууль орж ирэх аж. Уг багц хууль хэрэгжсэнээр нийт хүн амын 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод үүсээд буй ужгирсан асуудал буурна гэж үзжээ.

Тухайлбал, Нийгмийн бодлогын реформын хүрээнд УИХ-ын түвшинд орж ирэх Боловсролын багц хуульд дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болох зорилт туссан байна. Ингэхдээ эхний ээлжинд 600-гаас дээш ЭЕШ-ын оноотой бол сургалтын тэтгэлэг олгохын зэрэгцээ мөн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа тохиолдолд сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Түүнчлэн МСҮТ-ийг төгсөөд мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан бол дээд сургуульд үнэгүй сургадаг болох заалт туссан гэж УИХ-ын дарга мэдээллээ.

Сэтгэгдэл бичих