Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотноо зохион байгуулах залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-нд явуулахаар тогтлоо.
Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад уралдаан тэмцээний хуваарийг харгалзан үзсэний үндсэн дээр уг товыг тогтоосон болохыг ОУОХ тайлбарлав.
Мөн 2026 оны 11 дүгээр сарын 1-нд Дакар хотноо болох “Африкийн залуучуудын өдөр”-тэй олимпын наадмыг давхцуулснаар илүү өргөн хүрээг хамрах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид тооцоолжээ.
Наадмын хөтөлбөрт спортын ямар төрлүүд орохыг ирэх оны эхний хагаст эцэслэн батлахаар болсон байна.
Залуучуудын зуны IV олимп уг нь энэ оны 10 дугаар сард болох байсан. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас 4 жилээр хойшлуулж, 2026 онд зохион байгуулахаар шийдсэн юм.
Өмнөх гурван наадам 2010 онд Сингапурт, 2014 онд Нанжинд, 2018 онд Буэнос Айрест явагдсан бөгөөд манай тамирчид залуучуудын зуны олимпоос 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байгаа юм.