/TASS/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалаа 1.7 хувиас 1.4 хувь болгон бууруулжээ. Энэ тухай олон улсын үнэлгээний тус агентлагийн даваа гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
"Төв банкууд инфляцтай хийх тэмцлээ эрчимжүүлж буйтай, мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв муудаж байгаатай холбогдуулан дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг дахин бууруулж байна" гэж “Fitch Ratings”-ийн дэлхийн эдийн засгийн төлөв (GEO) тайлан мэдээнд дурджээ.
“Fitch” мөн “мөнгөний бодлого нь эрчимтэй чангарч байгаатай холбогдуулан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 0.5 хувиас 0.2 хувь болгон бууруулсан байна. Түүнчлэн Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх 2023 оны төсөөллийг 4.5 хувиас 4.1 хувь болгон бууруулсан нь “орон сууцны барилгын ажил сэргэх хэтийн төлөв сул байгаатай холбоотой аж”.
Харин Европын хийн хямрал бага зэрэг намжсантай холбоотойгоор еврогийн бүсийн ДНБ-ий өсөлтийн талаарх ирэх оны таамаглалыг -0.1 хувиас 0.2 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч Европын Төв банкны бодлогын хүүгийн огцом өсөлт эрэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн байгалийн шингэрүүлсэн хийн импорт нэмэгдэж, хийн хэрэглээ буурсантай холбоотойгоор Европын орнууд энэ өвөл байгалийн хийн хомсдолд орох эрсдэл багассан гэж “Fitch”-ийн шинжээчид үзэж байна. “Гэсэн хэдий ч хямрал дуусах болоогүй байгаа бөгөөд хийн бөөний үнэ өндөр байгаа нь пүүсүүдийн зардал болон өрхийн төсөвт ихээхэн дарамт үзүүлсээр байна" гэж шинжээчид мэдэгджээ.
Үүний зэрэгцээ саяхан еврогийн бүс болон Их Британид инфляц 11 хувьд хүрсэн бөгөөд суурь инфляц өссөөр байгаа юм. Хүнс, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ тогтворжихын хэрээр 2023 онд үндсэн инфляц мэдэгдэхүйц буурна гэж тус агентлаг тооцоолж байна.