Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний асуудлыг удахгүй эцэслэн шийднэ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн хоёр өдөр өрнөсөн жагсаал цуглаан болон тэдгээр жагсагчдаас хүргүүлсэн шаардлагатай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.

Тус жагсаал цуглааны хүрээнд нийт 14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим байгууллагаас тодорхой тооны шаардлагыг хүргүүлсэн байна. Эдгээр шаардлагын нэгдүгээрт жагсагчид шударга ёсыг нэхэмжилсэн ба нэн тэргүүнд өнөөгийн нийгэмд хурцаар яригдаж буй "нүүрсний" гэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, гэм буруутай албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан аж.

Ерөнхий сайд энэ тухайд "Үзэл бодлоо илэрхийлсэн залуусаа би дэмжиж байсан. Энэ бол олон нийтийн хамарсан асуудал тул хугацааны хувьд илүү наана шийдэх болно. Засгийн газраас БНХАУ-ын талтай тулгалтууд хийж байгаа. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкны асуудлын дэргэд эл асуудал нь хамаагүй том асуудал. Одоогоор хууль хяналтын байгууллагын түвшинд томоохон хэмжээний хяналт шалгалтыг явуулж байна. Нүүрсний асуудал удахгүй эцэслэгдэн шийдэгдэнэ. Үүний зэрэгцээ өчигдрийн жагсаалыг харахад, нүүрсний асуудалд холбогдсон хүмүүс цуглааныг улстөржүүлж, өөр зүг рүү чиглүүлэх гэж оролдсон. Иймд ард иргэд энэ тал дээр сэрэмж өндөртэй байх хэрэгтэй.

Түүнчлэн тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн асуудлыг улс төрийн намуудаас тавьж буй. Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд багагүй бодолцсон. Өнөөдөр манай улсын парламентын чадамж буурсан. Үүний оронд олон дагагчтай нөлөөлөгчид иргэдийг дагуулах болсон байна. Гэтэл парламент бол бага ард түмэн юм. Энэхүү ойлголтын хүрээнд иргэд тэдгээр парламентчдыг миний төлөөлөл гэж хардаг байх ёстой. Парламент ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байж, ард түмнийхээ эрхийг хамгаалж, хот хөдөөгийн ялгамжтай байдлыг төлөөлөх зэргээр олон огтлолцлын уулзвар байх ёстой. Гэтэл өнөөдөр парламент энгийн иргэний хооронд хол зөрүү үүссэн байна.

Өнөөдөр дэлхий нийтийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нэгдүгээр эдийн засагтай улс орон хаанах байх вэ, олон туйлт байх уу, ганц туйлт байх уу гэх зэрэг амаргүй асуудлуудтай тулгарах болсон. Хүчтэй олон тоглогч бий болсоор байна. Энэ хүрээнд геополитикийн хувьд Монгол Улс амаргүй сонголтын түвшинд хүрч ирлээ. Уг нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилж болзошгүй байна. Иймд манай улсын парламент Монголын ард түмнийхээ төлөөлөл болж, төр засгийн хувьд тогтвортой, парламентын гишүүн нь төлөөллийн үүргээ биелүүлдэг байх нь зүйтэй" гэлээ.

Тэрбээр мөн Оюутолгой, Хөтөл, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөгжлийн банкны асуудлууд дээр олон нийтийг дэмжлэгийг авч чадсанаар үр дүнд хүрсэн ба нүүрсний гэх эл асуудал дээр ялгаагүй үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулсан болохыг тэмдэглээд, үдээс хойш улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, тогтолцооны шинэчлэл хийх, шаардлагатай бол 2024 оны сонгуулийг хүлээхгүй ард иргэдэд дахин сонголтоо хийх боломжийг олгоход бэлэн байгаа, Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд энэ талаар манлайлан ажиллахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих