Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, хулгай хийсэн хүмүүсийг зарлахыг шаардан Төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Үүсээд буй энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Цагдаагийн Ерөнхий Газарт Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна.
Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага тогтооно.
Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Иймд миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв.