“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.
Түүний мэдээллийг хүргэж байна.
"Алдсан хүн аашаа барна, авсан хүн буянаа барна гэдэг шиг монгол оронд нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Өнөөдөр би гурван зүйлийн мэдэгдэл хийе.
Нэгдүгээрт, яагаад ийм байдал үүсэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав ажлаа хий. Улс даяар баримттай хулгай гарчхаад байхад хариуцлага тооцох ёстой.
Хоёрдугаарт, Монголд том хулгай гарчхаад байхад шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна. Тэд иргэдийн татварын мөнгөөр форм өмсөж ажиллаж байгаа.
Гуравдугаарт, би өнөөдөр нүүрсчдийг зарлана. Нууцын мэдээ үзсэн, харсан мэдэгдлээ хийнэ. Нүүрсчид төрийн гурван өндөрлөг болон хууль шүүхийн байгууллагынхныг худалдаж авсан байна. Иргэд аргаа барж байгаа. Залуучуудыг дэмжиж байна.
Тэд хулгайгаа нууцад оруулж, иргэд үзэхийн аргагүй болгосон. УИХ-ын гишүүн нууцад байгаа материалыг хүртэл ард иргэддээ хэлэх үндсэн үүрэгтэй.
АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж, дээрэмдэж байгааг би баримттай ярьж байна. Тэд бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан байгааг АТГ-т өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна" хэмээн ярилаа.
"Хүмүүс эдгээр нэрийг ярихаасаа яагаад айгаад байна вэ. Тэд шүүгч нарыг хахуульдсан байна. Шүүхийн шийдвэр Шунхлайн Батсайханы арын өрөөнд гардаг боллоо.
Жишээ ярья. Хамгийн сүүлд Дээд шүүхийн шүүгч нарын гаргасан шийдвэр гэхэд С.Баярцогтын ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэн нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн.
Нүүрсчид дараагийн эргээ тавьж эхэллээ. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэдгээр хэрэгсэхгүй болгож, нүүрсчдийг даврааж байна" гэв.