Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргааш буюу 2022.12.05-ны Даваа гаргаас эхлэн Офицеруудын ордноос 5 шарын уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй, хатуу хяналт тавьж ажиллахаар болжээ.
Дээрх чиглэлийн нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зөвхөн нийтийн тээврийн автобус болон тусгай дуут дохио бүхий шуурхай албаны машин, хүүхэд тээвэрлэсэн автобус, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэний таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчуулах юм байна. Бусад тээврийн хэрэгсэл эгнээ байрлал солихоос өөрөөр нэгдүгээр эгнээгээр зорчвол жолоочид 20 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах аж.
Цагдаагийн байгууллагаас 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоолд хяналт тавьж ажиллах юм байна. Тодруулбал, ачаалал үүсэж байгаа цагуудад 400 гаруй алба хаагчдыг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулах бөгөөд тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулахаар зохицуулалт хийжээ.