/NHK/. Катарт болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Японы шигшээ баг ахин нэг ялалт байгуулж, E хэсэгт дэлхийн аварга асан Испанийн багийг 2-1 харьцаатай илүүрхсэнээр хасагдах шатанд шалгарлаа.
Испанийн тамирчид тоглолтыг эхлэх үеэс нь хяналтдаа авч, 11 дэх минутад Альваро Мората гоол оруулжээ. Харин хоёрдугаар хагаст энэ байдал эрс өөрчлөгдөж, Японы хөлбөмбөгч Доан Рицү 48 дахь минутад гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн юм.
Үүнээс ердөө гуравхан минутын дараа Японы шигшээ баг хоёр дахь гоолоо оруулж, улмаар Испанийн хүчтэй довтолгоог хамгаалснаар 2-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан байна.
Японы шигшээ багийн тамирчид мөн өнгөрсөн долоо хоногт Германы багийг ижил онооны харьцаагаар буулган авсан юм. Ингэснээр “Samurai Blue” хоёр ДАШТ дараалан хасагдах шатанд шалгарч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы баг тус шатанд шалгарч чадаагүй байна.