“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн ээлжит тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх дараагийн 4 багийг нэрс тодорлоо.
ДАШТ-ий 3 дугаар тойргийн D хэсгийн Австрали - Данийн шигшээ багийн халз тулаан “Al Janoub Stadium” цэнгэлдэхэд өчигдөр /11.30/ орой 23.00 цагаас болж австраличууд 1:0-ээр Дани улсын шигшээг хожлоо.
Австрали М.Лекигийн ганц гоолоор Европын хүчирхэг багийн нэг Данийн шигшээг буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Австралийн шигшээ нээлтийн тоглолтод Францад хожигдсон ч Тунис, Дани гэсэн хүчирхэг багуудыг ялж, гайхалтай тоглолт үзүүлж чадлаа. Тэд ДАШТ-ий түүхэндээ анх удаа 2 тоглолт дараалан хожиж байна. Даничууд энэ ДАШТ-д дээгүүр давхина гэсэн мэргэжилтнүүдийн таавраас зөрсөн тоглолт үзүүллээ.
“Education City Stadium” цэнгэлдэхэд D хэсгийн Тунис - Францын шигшээ багуудын халз тулаан /11.30/ орой 23.00 цагаас явагдаж Дэлхийн хошой аварга Францын шигшээ багийг Тунис улсын шигшээ баг 0:1-ээр хожсон ч хасагдах шатанд шалгарч чадсангүй.
Энэ тоглолтын 58 дахь минутад Вахби Хазри гоол оруулж, Эдүкэшн Сити цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Францын шигшээ баг хасагдах шатанд шалгарах нь нэгэнт тодорхой болсон учраас гарааныхаа гол тоглогчдыг амрааж, залуучуудаа талбайд гаргасан билээ. Харин тоглолтын төгсгөлд Францаас Антуан Гризманн гоол оруулсан ч бичлэг үзээд энэ гоолыг тооцоогүй.
Тунис энэ дэлхийн аваргын ганц гоолоо энэ тоглолтод оруулж, түүхэндээ анх удаа Европын баг хожиж үзэж байгаа аж. Тус тоглолтын шилдгээр Вахби Хазри тодорлоо.
“Lusail Stadium” цэнгэлдэхэд “Катар 2022” ДАШТ-ийн 3 дугаар тойргийн С хэсгийн Саудын Араб - Мексик шигшээ багуудын халз тоглолт Улаанбаатарын цагаар /12.01/, 03.00 цагаас явагдаж мексикчүүд Саудын Арабын шигшээг 2:1-ээр хожив.
Харин Мексик улсын шигшээ баг 1978 оноос хойш анх удаагаа ийнхүү ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч чадаагүй аж. Тэд Польш улсын шигшээ багтай оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр хасагдаж орхив. Мексикээс энэ өдөр Мартин, Чавез нар гоолдсон бол Саудын Арабаас Салем Аль-Давсари гоол оруулсан юм. Мексик энэ тоглолтод 3:0 эсвэл 4:1 гэсэн гоолоор хожвол дараагийн шатанд шалгарах байв. Энэ тоглолтын шилдгээр Луис Чавез тодорчээ.
“Катар-2022” ДАШТ-ий гуравдугаар тойргийн ээлжит тулаан “Stadium 974” цэнгэлдэхэд /12.01/ 03.00 цагаас С хэсгийн Польш - Аргентин улсын шигшээ багуудын хооронд өрнөж Аргентины шигшээ Польшийн шигшээ багийг 2:0-ээр хожсон юм.
Аргентины шигшээ энэ тоглолтод заавал хожиж байж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох байв. Тэгээд ч тэд тоглолтын эхнээс довтолж тоглосон. Нэгдүгээр үед Лионель Месси торгуулийн цохилт хийсэн ч цохилтыг Войцех Щесни хаасан. Ингэснээр Месси ДАШТ-ий түүхэнд 2 торгуулийн цохилтоо хаалгасан анхны хөлбөмбөгчин боллоо.
Харин 2 дугаар үеийн эхэнд /46 дахь минутад/ МакАллистер Польшийн хаалганд гоол оруулсан юм. Улмаар Хулиан Алварез 66 дахь минутад гоолдож 2:0 болж аргентинчууд хожлоо баталгаажууллаа.
Тоглолтын төгсгөлд Польшийн Якуб Кивиор хаалганд орж явсан бөмбөгийг цэвэрлэж, шигшээ багтаа том тус хүргэв. Хэрэв бөмбөг хаалганд орсон бол Польш бөмбөгний зөрүүгээр Мексикийн доор бичигдэх эрсдэлтэй байв.
Польшийн шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болоод байна. Ийнхүү хасагдах шатанд шалгарсан дараагийн 4 баг тодорлоо. Тодруулбал, Нидерланд - АНУ, Англи - Сенегал, Аргентин - Австрали, Франц – Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр болов.