БНСУ-тай хамтарсан нисэхийн сургууль байгуулна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхээр зорьж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцов.

Тэрбээр, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлага, эрэлт байгааг онцлов. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход ЗТХЯ, ИНЕГ дэмжиж ажиллахаа илэрхийлэв. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгааг дахин онцоллоо. Дахин гэдгийн хувь үүний өмнө тус сургууль энэ асуудлыг тавьж санамж бичиг байгуулж байсан ч хамтын ажиллагаа Ковидын цар тахлаас болж түр хойшлогдоод байв.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хүрээнд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөжээ. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер, техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм.

Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой аж. Ингэснээр агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих