Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж, зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнийг өөрчлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөнөөр цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний түгжрэлийг зохицуулах зорилгоор захирамж гаргасан юм.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга:

Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;

Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;

Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;

Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.

Өнөөдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсөн юм.

Сэтгэгдэл бичих