Хятадад ковидтой тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэх нь улам нэмэгдэж, эсэргүүцэгчид улс төрийн шинжтэй, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагсах болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шанхай хотын гудамжинд олон мянган хүн жагссан бол Бээжин, Нанжин хотын их сургуулиудын оюутнууд жагсаал зохион байгуулсан байна.
Хятадын томоохон хот бөгөөд дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Шанхай хотод болсон жагсаалын үеэр "Ши Жиньпин яв!", "Коммунист намынхан яв!" хэмээн хашхиралдаж байжээ.
Ийм уриа лоозонгууд нь Хятадын хувьд нэн ховор бөгөөд засгийн газар болон төрийн тэргүүнийг шууд шүүмжлэх нь эмгэнэлтэйгээр төгсдөг билээ.
Гэхдээ саяхан үргэлжилнэ гэж мэдэгдсэн Ши Жиньпиний "тэг ковид" бодлогод сэтгэл дундуур байгаа нь улам бүр нэмэгдэж байгааг Засгийн газар ихээхэн дутуу үнэлсэн бололтой гэж ажиглагчид үзэж байна. Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч “ВВС”-д ярихдаа, хүмүүс гудамжинд цуглахыг хараад "ихэд цочирдож, сандарсан" хэмээгээд Хятадад ийм цар хүрээтэй эсэргүүцэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ гэжээ.
Өөр нэг жагсагч хэлэхдээ, тэд цагдаа нараас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "та нартай л адил" хэмээн хариулжээ. Гэвч тэд төрийн дүрэмт хувцас өмсдөг тул ажлаа л хийж байна гэж жагсагч хэлсэн байна.
Гэсэн ч цагдаагийнхан хүч хэрэглэсэн талаар бусад жагсагчид ярьсан байна. Жагсаалын үеэр найзыг нь цагдаа нар зодсон, бас бусад хүмүүс рүү нулимс асгаруулагч цацсан гэж жагсагчдын нэг “Ассошиэйтед Пресс” агентлагт ярьжээ.