“Катар-2022” ДАШТ-ий нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, G хэсгийн Швейцарь улсын шигшээ баг Камеруны шигшээ багтай тоглож, Брил Эмболо гоол оруулснаар Швейцарь хэсгийн эхний тоглолтоо ялалтаар эхлүүлэв.
Швейцарийн Камерун гаралтай Эмболо эх орныхоо эсрэг гоол оруулсан юм. Харин Камеруны шигшээ баг гоол оруулах боломжуудаа ашиглаж чадалгүй байсаар цагаа дуусгалаа. Тус тоглолтын шилдгээр Швейцарийн хаалгач Ян Зоммер тодорсон юм.
Дараагийн тулаан H хэсгийн Уругвай, БНСУ-ын шигшээ багуудын хооронд болж, хоёр талд гоол оруулах боломжууд гарсан ашиглаж чадалгүй байсаар 0:0-ээр тэнцлээ. Тус тоглолтын шилдгээр Уругвайн тоглогч Федерико Вальверде тодорчээ.
Нэгдүгээр тойргийн Н хэсгийн дараагийн тулаан Португал болон Гана улсын шигшээ багийн хооронд өрнөж 3:2-оор португалчуудын ялалтаар өндөрлөв. Кристиано Роналдо энэ тулаанд тоглосноор таван ДАШТ-д тоглосон цөөн тоглогчийн нэг болсон төдийгүй 5 дэлхийн аваргад дараалан гоолдсон хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тамирчин болж байна. Тэрбээр тоглолтын 2 дугаар хагаст торгуулийн цохилтоос гоол оруулж тэмцээний салхийг хагалсан юм.
Энэхүү тоглолтын дараа Роналдо “Гайхалтай мөч тохиов. Миний 5 дахь ДАШТ. Бид ялалт байгуулж чадлаа. Зөв хөл дээрээ бослоо. Таван ДАШТ дараалан гоолдсон анхны тамирчин болж байгаадаа баярлаж, бахархаж байна. Би зөвхөн ДАШТ-д л төвлөрч байгаа” гэлээ.
Роналдогийн гоолын дараа Гана хариуг нь барьж, Андре Айю гоол оруулсан ч удалгүй Португалын Жоао Феликс, Рафаэль Леао нар гоолдож, 3:1-ээр дахин тэргүүлж, Гана ч бууж өгөлгүй 89 дэх минутад Осман Букари мөргөж гоол оруулсан юм. Ганын довтлогч Инаки Уиллиамс тулааны төгсгөлд Португалын хаалгачийн болчимгүй алдааг гоол болгох боломж гарсан ч хальтирч орхисон.
Нэгдүгээр тойргийн хаалтын тоглолтыг G хэсгийн Бразил, Серби улсын шигшээ багийн хооронд өрнөсөн. Энэ тулаанд ДАШТ-ий 5 удаагийн аварга бразилчууд 2:0 ээр эхний ялалтаа байгуулав. Сербийн шигшээ баг хамгаалалт нэгдүгээр үедээ алдаа бага гаргасан бол 2 дугаар үед Бразилын довтолгооны тамирчдын довтолгоо бүр аюул учруулж, хоёр ч цохилт нь гоол болж ялалт авчирлаа.
Бразилын Ришарлисон 2 гоол оруулсан бөгөөд түүний сүүлийн гоол энэ ДАШТ-ий гайхалтай чамин гоолын нэг болсон гэж болно.
Энэ тоглолтод Неймар амжилттай тоглосон бөгөөд багийн гол лидер гэдгээ харуулсан ч тоглолтын төгсгөлд шагайндаа бэртэл авч талбайгаас гарсан юм.