Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид
Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, Монгол төрийн хүндэт түшээд ээ.
Дэлхийн түүхнээ аугаа баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд Гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн бол Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн.
Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан.
Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон юм. Шашин бүр тусдаа, бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэн, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.
Чингис хааны хуулийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл үйлсийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсээр бид ес дэх зуунаа элээж байна. Ёс нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.
Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
Сая Монгол руу ирж явахдаа, Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг ингэж л харагдаж байсан байхдаа гэж бодож, огшиж байлаа.
Монгол нутгийн уулс, мөнх хөх тэнгэр, толгод дээр цагаан цасан хадаг дэлгэн хүүгээ угтаж байж дээ гэж бодож суулаа. Баярлалаа. Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байхыг ерөөн залбиръя.
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Д.Доржготов: Энэ шагнал шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл юм
Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,
Төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хаан одонт эрхмүүд ээ,
Эрдэмтэн судлаач, номын эрхэм нөхөд өө.
Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.
Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.
Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.
Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.
Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.
Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.
Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.
Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.
Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.
Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.
Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.
Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай." гэлээ.