Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээлэхдээ, тендерийг богино хугацаанд зохион байгуулах үүднээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулсныг онцолсон юм.
Тэрбээр ярихдаа, “Монголын цаг ууртай холбоотой богино хугацаанд тендер зохион байгуулах үүднээс хүний үйл ажиллагааг багасган, цахимжуулахыг хуульд тусгасан. 2019 оноос хойш цахим шилжилт хийхдээ тендерт оролцож буй компанийн мэдээллийн 70 хувь нь төрд байгааг дахин авдагаа болино. Хувийн компаниуд төрийн байгууллагад үнэн зөв байдлаа баталгаажуулж өгнө. Үнэлгээний хорооны гишүүд цөөн материалыг үнэлж, богино хугацаанд ажиллах боломж бүрдсэнээр, тендер шалгаруулалтыг ажлын 30 хоногт хийж дуусгахаар зохицуулсан. Тендерийн бүх үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна. Олон нийт тендерийн үр дүн гарсны дараа шалгарсан компани, үнэлгээ, шийдвэрийг тодорхой цаг хугацаанд харах боломжтой болно. Тендер шалгаруулалтад орчихоод чанаргүй ажил хийдэг, эзэн холбогдогчгүй болчихдог. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахиж тендерт оруулахгүй, хувийн байгууллагын үүсгэн байгуулагчтай нь хамт хар жагсаалтад бүртгэхээр болж байгаа. Төрийн албан хаагч нь хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй, тэр нь гэмт хэргийн шинжтэй байвал харицлага хүлээнэ. Шинээр танилцуулж буй зүйл нь төрийн байгууллага өдөр тутамд худалдаж авдаг барааг цахим дэлгүүрт байрлуулаад, 1 стандарт, 1 үнэлгээгээр авдаг тогтолцоонд шилжих юм. Цаашид дотоодод үйлвэрлэсэн барааг импортынхтой өрсөлдүүлэхгүй, чанар стандартын шаардлага хангавал цахим дэлгүүрт байршуулдаг болно” хэмээв.
Одоогоор нэг компани тендерт оролцохдоо 200 хуудас баримт хуулбарлаад өгдөг. Үүний 180 хуудас мэдээлэл нь төрийн мэдээллийн санд бий. Цаашид төрд байгаа мэдээллийг аж ахуйн нэгжээс авдгийг болиулж, санал болгож буй барааны чанар стандарт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд анхаарах юм байна. Мэдээллийн системийн өгөгдлийн чанараас хамаараад мэдээлэл нь идэвхгүй байгаа бол компани тус бүрээр мэдээлэл үүсгэх юм. Жилд 22 мянга орчим тендер зарлахад нэг мянгад нь гомдол гарган, шүүхэд 70 орчим нь очдог аж.