/CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хот дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мягмар гарагт мэдэгдэл хийх үеэрээ 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлажээ.
“Америкийг дахин агуу хийгээд алдар суутай болгохын төлөө миний бие АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Өдгөө 76 настай Д.Трампын нэр дэвших эрхээ баталгаажуулсан бичиг баримт нь түүнийг мэдэгдэл хийхээс өмнөхөн Сонгуулийн хороонд иржээ.
АНУ-д Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг сонгодог завсрын сонгууль явагдсанаас долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан намынхан Сенатын танхимд олонх болох төлөвтэй байгаа бол Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан хяналтаа тогтоох төлөвтэй байна.
Бүгд найрамдах намынхны завсрын сонгуулийн үзүүлэлтүүд урьдчилсан таамаглаж байсан түвшинд хүрээгүйг үл харгалзан Д.Трамп мягмар гаргийн орой үг хэлэхдээ тэдгээрийг сайшаажээ.
2017-2021 онд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Д.Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Жо Байденд ялагдсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн байна.
Ж.Байдены хувьд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийх үеэрээ, ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлээд, албан ёсны шийдвэрээ “ирэх оны эхээр” гаргана гэж хэлсэн юм.
АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль мөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болно.