Монголын боксчид Тивийн АШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв

оруулсан Алсын Хараа

Йордан улсын Амман хотноо Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 11 өдөр үргэлжилж шилдэг боксчдыг шалгарууллаа.

Энэ удаагийн Ази тивийн АШТ-д 30 орны 320 эмэгтэй, эрэгтэй боксчид хүч, зориг, ур чадвараа сорьсон юм.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ залуу тамирчдыг олноор оролцуулсан бөгөөд тэд ч үүргээ сайн биелүүлж 2 мөнгө , 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар 11 дүгээр байрт орлоо.

“Амман-2022” Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай нар мөнгө медаль хүртэв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг жинд ОУХМ Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов.

Өмнөх жилийн буюу 2021 оны АНЭУ-ын Дубай хотноо болсон Ази тивийн АШТ-ээс 3 алт /Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг/, 5 хүрэл /О.Өнөболд, Б.Мишээлт, Л.Алтанцэцэг, Э.Мичидмаа, М.Мягмаржаргал/ медаль хүртэж байсан билээ.

Энэ удаагийн тивийн АШТ-д оролцсон багийн дүнг танилцуулахад, медалийн чанараар Казахстаны шигшээ баг 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл, Узбекистаны шигшээ 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Энэтхэг 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтай эхний 3 байрыг эзэллээ. Харин 4, 5 дугаар байрт тус бүр  2 алтан медаль хүртсэн Йордан, Тайланд улсууд шалгарсан байна.

Сэтгэгдэл бичих