Н.Мандуул: Анхнаасаа Хөгжлийн Банкнаас таньдаг хүнээрээ зээл авхуулаад төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг

оруулсан Алсын Хараа

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу Лхагва гарагийн дугаарт сэтгүүлч Б.Номин-Эрдэнэд Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ярилцлага өгөхдөө зарим зээлдэгчидтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг өгчээ. 

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 782 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөнөөс 694 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр төлөгдөөд буй. 

Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.



  • “Хөтөл” ХХК огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс АТГ-т хэрэг нээгдчихсэн явж байна.
  • “Эрэл” ХХК-ийн хувьд нийт зээлийн үлдэгдэл нь 180 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй. Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой биз дээ. Гэтэл “Эрэл” ХХК улс надад ажил өгөхгүй байна гэж яриад яваад байдаг.
  • “Бэрэн групп” ХХК манайхаас хоёр зээлтэй байдаг. Нэг нь, Гангийн үйлдвэр барихаар авсан зээл, нөгөө нь Хангай хотхоныг барих гэж авсан зээл. Энэ хоёр зээл нийлээд 180 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл мөн л Гангийн үйлдвэр нь ажилладаггүй. Банк бизнест зээл өгнө. Бизнесээ босгож ажиллуулах нь бизнесмэн хүний ажил. “Бэрэн”-гийнхэн ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан. Тухайн үйлдвэрт хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Үүнд зарим процессын хувьд дутуу байна гэх дүгнэлт гарсан.
  • Манай зээлүүд дандаа улс төртэй холбогддог болохоор бизнесийн утгаар ажлаа явуулах гэхээр болдоггүй. Бидний зүгээс төлбөрөө төл гэх л шаардлага тавьдаг.
  • “Шинэ Яармаг” хорооллын хувьд 70, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. АТГ-аас саяхан үнэлгээ хийгээд дууссан. Бид тус хорооллыг “Гантиг вилла” хотхонтой адил өрөндөө хурааж аваад шийдэх журмаар ажиллаад, процесс нь үргэлжилж байна. Бид тухайн байрыг хурааж авч байна гэдэг тэр манай өмч болно гэсэн үг.
  • Чингис хаан банканд 2019 онд манайх хадгаламж байршуулаад түүнийгээ одоо хүртэл олж авч чадахгүй байна. Тухайн үедээ Чингис хаан банкнаас 44 үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Үүн дотор ихэнх нь орон сууц барьцаалчихсан байсан. Бид барьцааны зүйлсээ шалгаж үзэхэд барьцаандаа авсан үл хөдлөхийн талаас илүүг нь иргэдэд зарж борлуулчихсан байсан.
  • Баянзүрх дүүрэгт Өгөөмөр хотхон гээд байна. 2018 онд тус компани 45 айлын орон сууц барина хэмээн манайхаас зээл авсан байдаг. Тэр байр нь мөн манай өмчлөлд шилжээд ирчихсэн. Гэтэл одоо 45 айл тэнд амьдарч байна. Оршин суугчид нь компанид нь мөнгөө төлчихсөн гэдэг. Банканд ямар ч мөнгө орж ирээгүй. Тэгэхээр иргэд ч, банк ч хохирчихсон.
  • АТГ-т хэрэгтэй мэдээллийг тухай бүрчлэн гаргаж өгч байна. Төрийн мөнгийг урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад зориулалтын дагуу ашигласан уу, үгүй юү гэх асуудал байна.
  • Хөгжлийн банкны зээл олголтыг харахаар энгийн нэг банк нэг компанид зээл өгөөд зээлийн гэрээ байгуулчих асуудал биш. Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авхуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг. Бид асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа хойшилсон жишээ ч байна. Бид шууд очоод барьцааны эд зүйлээ авч чадахгүй. Заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой. Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна л гэж харж байгаа. Энэ мэт зүйлд төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой.
  • 2011 онд Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн Засгийн газар, Их хурлын шийдвэртэй төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан. Ингээд Засгийн газрын тогтоолоор “Эрэл”, “Бэрэн” компаниудад зээл олгосон байдаг. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулиа өөрчлөөд Засгийн газар, УИХ-ын шийдвэргүйгээр Хөгжлийн банкны ТУЗ болон Хөгжлийн банк нь зээлээ хэнд өгөхөө шийддэг болсон.
  • Хөгжлийн банкнаас нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг тогтоосон. Үүний 75 хувь нь 2011 оны хуулийн үед гарсан зээл. 25 хувь нь 2017 оноос хойш гарсан зээл байгаа юм. Би хувьдаа 2017 оны хуулийг зөв гэж боддог. Хэрвээ УИХ, Засгийн газар шийддэг байх юм бол Хөгжлийн банк гэж байхаар төсвөөсөө үүнийг шийддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь арилжааны банк буюу хувийн хэвшил өөрсдөө хийж болох байсан төслүүд рүү яагаад Хөгжлийн банк орсон бэ. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн. Арилжааны банк барилга байгууллагыг санхүүжүүлээд зээлийг нь өгөөд явж байгаа. Гэтэл Хөгжлийн банк мөн л ийм зээл өгөөд явчихсан.

Сэтгэгдэл бичих