Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа, гэрээ контрактын мэдээлэл ил тод, нээлттэй байх нь хамгийн зөв шийдэл болно гэдгийг тус компани дээр ажиллаж буй Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат онцолж байна.
Тэрбээр, нүүрс олборлолт, тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн. Компанийн сайт руу орж олборлогч компаниудтай байгуулсан гэрээг үзэх боломжтой. Худалдан авалттой холбоотой тендерийн мэдээллийг цахимд холбож өгсөн. Тодруулбал, компанийн цахим хуудаст уурхайгаас ачиж байгаа нүүрсний хэмжээг ил тод болгож өгч байна. Эндээс ямар компани, хэчнээн тээврийн хэрэгслээр хэдэн тонн нүүрс ачиж байгааг он, сар, өдрөөр нь харж болно гэдгийг тодотголоо. Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачаад байна.
Мөн мөнгийг нь урьдчилж аваад дараа нь нүүрсээ ачуулж гаргах нөхцөлтэй гадаад, дотоодын төрийн өмчит болон хувийн хэвшлийн 4 том компанитай хийсэн 4 гэрээ байгаа. Нийт 605 сая ам.долларын нүүрс ачуулна гэж гэрээлсэн үнийн дүнтэйгээс одоогийн байдлаар 45 сая ам.долларыг аваад байна. Бусад арилжааны буюу нүүрсээ худалдан борлуулах байдлаар, бизнесийн зарчмаар хийсэн 100 мянгаас нэг сая тонны хэмжээтэй коксжих нүүрсний нийт 27 гэрээ байгааг тодотголоо.
Түүнчлэн 20 мянгаас 300 мянган тоннын хэмжээтэй эрчим хүчний нүүрс нийлүүлэх 109 гэрээ байгааг нээлттэй, ил тод мэдээлж байна гэв.
Цаашид уурхайгаас ачсан нүүрсийг Цагаанхаданд буулгаж, хилээр гаргаж байгаа бүх үйл явцыг ил тод болгохоор ажиллаж байна. Энэ хооронд зөрүү гарч байгаа нь үнэн. Тиймээс бүх мэдээллийг нээлттэй, ил тод болгож, бүх тооцоо нийлдэг байдал руу шилжиж байна. Мэдээлэл хаалттай байхаар олон нийтийн дунд хардлага үүсгэж байна. Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянадаг болно. “ЭТТ” компани цаашид урьдчилсан байдлаар мөнгө авдаг гэрээ байгуулахгүй, зөвхөн мөнгөөр төлбөр хийж явна гэдгийг тэрбээр мэдээллээ.
Тус компани жилд 3.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагийн байдлаар 833 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэжээ.