Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен Вен Су-г ялж хүрэл медалийн болзол хангасан юм.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.
Мөн эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчин Ази тивийн хошой аварга Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан бол ням гарагт 57 кг жинд Г.Лундаа Тайванийн тамирчин Чен Вей Лийг, харин 60 кг жинд Б.Буяндалай Ираны тамирчинг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлээд байна.
Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч рингэнд гарч ирээгүй учир медалийн болзол биелүүлсэн. Ийнхүү монголын 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-д Д.Ганболд Казахстаны тамирчинд тус тус ялагдсан.
Өнөөдөр /11.07/ эрэгтэйчүүдийн 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ, БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Б.Мөнгөнсаран Казахстаны тамирчин Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос олон залуу тамирчид оролцож маш сайн өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Одоогоор медалийн болзол биелүүлсэн манай 9 тамирчнаас 7 нь тивийн АШТ-ээс анхны медалиа хүртээд байгаа юм.