Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 1 километрийн зайд өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 07-ны өглөө 7.48 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт 3.8 магнитудын хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Мөн өчигдөр Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс урд зүгт 38 километрийн зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт өчигдөр 18.34 цагт болжээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.