Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын автобаазын шинэчлэлийн талаар танилцуулав.
Тэрбээр, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу автотээврийн хэрэглээг хязгаарлаж, уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолын дагуу “Засгийн газрын Автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээг авч ажиллах үүрэг чиглэлийг өгснийг тодотголоо.
Ингээд Засгийн газрын ХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаж, “Засгийн газрын Автобааз” УТҮГ-ын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ТӨААТҮГ) болгон өөрчлөх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсныг мэдээлэв.
Засгийн газрын Автобаазыг төсвөөс санхүүжүүлэхгүй болж байна.
“Засгийн газрын Автобааз” УТҮГ нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 ажилтан, албан хаагчтай, жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулж иржээ. Үүнийг 100 автомашин, 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна.
Тус бааз Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улаанбаатар хотод автомашиныг дуудлагаар үйлчилж, орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллах чиг үүрэгтэй байх аж.