Засгийн газраас аялал жуулчлалын салбарт ирэх онуудыг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа. Ирэх оны эхэнд нээлтээ хийх уг ажлын хүрээнд төрийн бүх яам дэмжин ажиллаж, цахим харилцаа, холбоо, зам, тээвэр, агаарын тээвэр, үйлчилгээний холбогдох бүх салбарын байгууллагууд оролцон хийж хэрэгжүүлэх ажлаа уялдуулан, сайтар төлөвлөх шаардлагатай байгааг БОАЖЯ-наас мэдээлж байна.
Засгийн газрын дэргэд саяхан байгуулан Ерөнхий сайд тэргүүлж буй Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурлаас зочлох жилд бэлтгэх Ажлын дэд хэсгүүдийг байгуулан ажлаа төлөвлөжээ. Тодруулбал, энд ГХЯ, ЗТХЯ, Соёлын яам, Цахим харилцаа, холбооны яамны уялдаа холбоо, оролцоо чухал байгаа аж.
Гадаад дахь соёлын сурталчилгаанаас эхлээд аялал жуулчлалын салбарыг төрийн бүх яам дэмжин ажиллах хэрэгтэй буйг БОАЖЯ онцолж байна.
Манай улс энэ онд 250 мянган жуулчин хүлээн авах зорилт тавин ажилласнаар одоогоор 90 хувийн биелэлттэй байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 750 тэрбум орчим төгрөгийг аялал жуулчлалын салбараас улсын төсөвт төвлөрүүлжээ. Оны эцэс гэхэд нэг наяд төгрөг оруулах боломжтой хэмээн тооцоолж буйг мэдээллээ.
Тодруулга: Манай улс 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого орж байсан бол 2020 онд 58.859 жуулчин, 2021 онд 33.100 жуулчин хүлээн авчээ. Харин энэ оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш 210 мянган жуулчин хүлээн авчээ.