Шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийг цахимжууллаа

оруулсан Алсын Хараа

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг энэ сарын 1-нээс бүрэн цахимжууллаа.

Нийслэл хот руу орж, гарч буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр 3 секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх 8 товчоонд суурилуулаад байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажилласан юм. Тэрбээр, “Замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлэхээр нэгдсэн ухаалаг систем бий болгож байна. Татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Зорчих хөдөлгөөнд соёлтой оролцон, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” хэмээв.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах төслийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод шинэ төхөөрөмж суулгаж, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах боломж бүрдүүллээ. Төлбөр авах цэгийг цахимжуулснаар замын хөдөлгөөнийг хянаж, зохицуулахаас гадна төлбөр тооцооны уламжлалт хэлбэрийг халж, цаг, ачааллыг багасгаж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү “Шалган нэвтрүүлэх товчоогоор өнөөдөр 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсний 10 орчим хувь нь зөрчилтэй байна. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд энэ талаар сануулж, анхааруулж байгаа”-г хэлэв.

Шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем, банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/  системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно.

Өөрөөр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан 2 харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ. Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, зохих арга хэмжээ авах боломжтой. Энэ нь цаашид хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломж бүрдүүлнэ.

Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдогийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Сэтгэгдэл бичих