С.Бямбацогт: Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, ард иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замыг хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны Ням гарагт нээсэн.
Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв.
Тэрбээр "Монгол Улсын нийгэм, эдийн засаг, зорчигч болон ачаа тээврийн гол судас болсон, Монгол Улс ОХУ-ыг холбосон, импортын ачааны дийлэнх хэсгийг тээвэрлэдэг Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, энэ хугацаанд ард иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох яамд, байгууллагууд анхаарал тавьж ажилласны дүнд Дархан-Улаанбаатар чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ зам хөдөлгөөнөө нээж байна" гээд өнгөрсөн хугацаанд хатуу боловч үнэн үгээр шүүмжилж, ажиллах боломж олгож байсан иргэд, мөн энэ замыг чанартай богино хугацаанд хийхээр хичээж ирсэн нийт замчдадаа баярлалаа гэдгийг хэллээ.
Ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэнэ. Энэ хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримталж, тэмдэг тэмдэглэгээг дагаж, осолгүй зорчихыг иргэд тээвэрчдэдээ уриалж байгаагаа С.Бямбацогт хэлэв.