Б.Жавхлан: Концессыг бүрэн зогсоож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хуулиар ₮20 их наядын зах зээлийг санал болгоно

оруулсан Алсын Хараа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болжээ. Өмнөх 13 жилд энэ ажлыг Концессын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч Бариад-шилжүүлэх, Бариад-ашиглаад-шилжүүлэх буюу бариад төрд шахаж, төсвөө өрөнд оруулдаг тогтолцооноос үүдэн концессын төлбөрт $9 тэрбум ам.долларыг төсвөөс барагдуулж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

КОНЦЕССЫН ТАЛААРХ ЗАРИМ ТОО БАРИМТ:

  • Концессын тухай хууль 2010 онд батлагдсанаар 125 төсөл баталсан ба 2011 оноос “Бариад-ашиглаад-шилжүүлэх” төрлийн гэрээг байгуулж эхэлсэн. Одоогоор байдлаар энэ төрлийн 20 гэрээ байгуулсны 17 нь хүчин төгөлдөр байгаагийн нийт дүн 23 ИХ НАЯД төгрөг байна.
  • 2015 оноос “Бариад-шилжүүлэх” гэрээ байгуулж эхлэв. Энэ төрлийн нийт 40 гэрээ байгуулсны 37 нь хүчин төгөлдөр байгаа ба нийт үнийн дүн 2 ИХ НАЯД төгрөг байна.
  • 2010 онд Засгийн газрын 198 дугаар тогтоолоор концессын 125 төсөл баталсан ч 2013 онд уг тогтоолыг хүчингүй болгож 317 дугаар тогтоолоор 149 төсөл баталжээ. Яг энэ маягаар өнгөрсөн хугацаанд нийт 62 удаагийн өөрчлөлтөөр 254 төсөл баталсан байна.
  • Нийт баталсан төслийн 68% нь “Бариад-шилжүүлэх” нөхцөлтэй бөгөөд 51%-ийг нь шууд гэрээгээр хийхээр баталжээ. Ийнхүү шууд гэрээгээр хийхээр нийт төслийн 60%-ийг баталсан байна.

График. Төсвөөр эргэн төлөлт хийж ирсэн явц

Иймд Концессын тухай хуулийг хориглож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай эрх зүйн шинэ зохицуулалттай болохоор Засгийн газар, Сангийн яам, ОУВС болон Дэлхийн Банкны техникийн туслалцаатайгаар боловсруулсан бөгөөд олон улсад шууд авч ашигладаг НҮБ-ын загвар хууль гэдгийг тэрбээр онцоллоо. Гаднын хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд анхаарч хардаг эрх зүйн энэ орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна олон улсын үнэлгээ сайжирна хэмээн үзэж байгаа аж.

"Төр, хувийн хэвшил гэрээ байгууллаа бол Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингэснээр дунд, урт хугацаанд тухайн төсөл тогтвортой явна гэж харж байгаа. Энэ бол түншлэлийн амин сүнс"

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэе.

  • Маш хурдтай өсөж байгаа нийгмийн хэрэгцээ, үүнийг дагаад төрийн үйлчилгээ шаардаж байгаа суурийг төрийн хязгаарлагдмал боломжоор хувийн хэвшлийнхний чадавх, эдийн засгийн боломжийг ашиглан түншлэлээр хангаж байна гэсэн үг.
  • 2023 оны төсвийн төслөөр 20 их наяд төгрөгийн зарлага гарахаас 2.6 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар байгаа. Тэгвэл төрийн хүрэлцэхгүй байгаа салбарууд, хөрөнгө оруулалтад хувийн хэвшил ажиллах боломж бүрдэнэ.
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 19.6 их наяд төгрөгийн 22 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой байгаа. Хууль батлагдсанаар 20 их наяд төгрөгийн зах зээлийг хувийн хэвшилд нээж, санал болгоно гэсэн үг.
  • Төлбөрийн эрсдэл гарвал Засгийн газар үүргийн баталгаа гаргах буюу санхүүгийн хариуцлагыг Загийн газар хүлээхээр хуулийн төсөлд тусгасан. Төр, хувийн хэвшил гэрээ байгууллаа бол Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингэснээр дунд, урт хугацаанд тухайн төсөл тогтвортой явна гэж харж байгаа. Энэ бол түншлэлийн амин сүнс.
  • Засгийн газар, төсвийн ачааллыг хуваалцаж байгаа учраас хувийн хэвшлийн бизнесийг нь хамгаалж өгнө. Тухайлбал, зам барьж байгаа бол ойр орчмынх нь 50 км радиуст өрсөлдөхүйц хэмжээний замын зөвшөөрөл улсаас олгохгүй.
  • Нийгмийн чиглэлд бол өртгийг нь тооцоод улс үйлчилгээг нь худалдаж авна гэсэн үг. Тухайлбал, сургуулийн барилга барьж байгаа бол байшин барих үнийн эрсдэлийг хувийн хэвшил өөрөө хариуцна. Харин үнэ өсөн нэмэгдэж байгаа зардлуудын өртгүүд дээр дахиж шинжилгээ хийж, индексээр тооцох тухай тусгаж байгаа.
  • Өртөг, төлбөр хоёр зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх, эдийн засгийн хувьд хэн хэндээ ашигтай байхаар зохицуулагдана.

Сэтгэгдэл бичих