Сөүлд шахцалдааны улмаас амиа алдсан хүний тоо 154-т хүрчээ

оруулсан Алсын Хараа
/Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүнсний баярын үеэр үүссэн шахцалдааны улмаас амиа алдсан хүний тоо 154-т хүрч нэмэгдсэний дунд гадаадын 26 иргэн байсан талаар холбогдох албаны төлөөлөгчид өнөө өглөө мэдээллээ.
Одоогоор 33 хүний биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй болохыг Гамшгийн уршгийг арилгах, аюулгүй байдлын арга хэмжээ авах нэгдсэн төв штабын төлөөлөгчид мэдээлжээ. Үүнээс гадна 116 хүн хөнгөн бэртэл авсан байна.
Амиа алдсан хүмүүсийн нэгээс бусдынх нь хэн болохыг тогтоосон бөгөөд гадаадын 26 иргэний дунд Ираны тав, Хятад, Оросын дөрөв, Америк, Японы хоёр, Франц, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри Ланка улсын тус тус нэг иргэн байжээ.
Бямба гаргаас ням гарагт шилжих шөнө Сөүлийн Итэвон дүүргийн 3.2 метрийн өргөнтэй нарийн гудамжинд шахцалдаан үүссэний улмаас дээрх харамсалтай явдал гарсан юм. Засгийн газар энэ оны эхээр задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцалсан байсан учир олон арван мянган хүн сүнсний баярыг тэмдэглэхээр тус дүүрэгт очоод байжээ.
Амиа алдагсдын дийлэнх нь 20 гаруй насны залуучууд байсан бөгөөд нийт 98 эмэгтэй байжээ. Засгийн газар ослын гол шалтгааныг тогтоох ажиллагааг үргэлжлүүлж байна. Өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ням гаргаас орон даяар гашуудал зарлаж буйгаа мэдэгдэж, төрийн далбааг бөхийлгөхийг үүрэг болгожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих