Газрын тос боловсруулах үйлдвэрийн дараагийн шатны багц ажлын гэрээ байгууллаа

оруулсан Алсын Хараа

Монголын Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Анхдагч технологийн болон дагалдах байгууламж”, “Цахилгаан станц”-ын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээ байгууллаа.

Тус гэрээг баталгаажуулж, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Megha Engineering&Infrastructure Limited” компанийн боловсруулах үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 4 багц ажилд хуваан хэрэгжүүлж байгаа. Эхнийх нь технологийн бус барилга байгууламж. Үүүнд иргэний 9 барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдэрийн талбайн дэд бүтцийн байгууламж багтдаг. Хоёр дахь багцад анхдагч үйл ажиллагааны болон дагалдах байгууламжийн ажил орно. Энэ нь атмосфер, вакуум нэрлэг, хий ялгах байгууламж, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний 42 ширхэг агуулах сав, резервуар, төмөр зам, авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил юм. Гурав дахь багцад 35 мегаваттын хүчин чадалтай, уурын 2 турбин бүхий цахилгаан станцын зураг төсөл, барилга угсралтын ажил багтаж байна.

Эдгээр багц ажлыг дэлхийн 20 гаруй оронд салбартай, Энэтхэгийн топ 5 компанийн нэг, 30 гаруй жилийн түүхтэй “Megha Engineering&Infrastructure Limited” гүйцэтгэх бөгөөд 2025 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.

Манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр нь цоо шинэ салбар учир монгол инженерүүд суралцсаар байгаа. Гарын үсэг зурах “амар” ч үйлдвэрийн байгууламж тус бүрд өөр өөр ажил шаарддаг, технологийн нэг ажил гэхэд 16 мянган хуудас бичиг баримт бүрдүүлж байгааг “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг гарын үеэр зурах үеэрээ тэмдэглэв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ярихдаа “Гарын үсэг зуран ажлаа эхэлж буй “Megha Engineering&Infrastructure Limited” компанид Монгол Улсын Засгийн газар ажлаа технологийн өндөр түвшинд, товлосон хугацаандаа, чанартай хийнэ гэж итгэж байна. Төсөл нь 2 аж ахуйн нэгжийнх бус Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, баяжуулах чухал үйл ажиллагаа юм. Төслийг ямар ч цаг үе, нөхцөл байдалд амжилттай хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамд, тамгын газраас бүх талаар дэмжинэ. Гэрээ байгуулж буй бүтээн байгуулалтын ажил ирэх хавраас хуваарийн дагуу, удахгүй 4 дэх шатны, мөн үүнтэй холбогдуулан газрын тос дамжуулах хоолойн ажил ч эхэлнэ. Засгийн газраас тус үйлдвэрийн түүхий эд, нефтийн нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Хамгийн чухал нь энэ салбарт ойрын 2 жилд улсын их дээд сургууль, олон олон олсын инженерийн сургууль, БНЭУ-д багадаа 300-400 боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэнэ” гэлээ.

Гэрээ байгуулсан 2 ажлын 24 мянган хуудас ТЭЗҮ боловсруулах нь амар ажил биш гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд М.П.Сингх энэ үеэр дурдаад, төслийг амжилттай хэрэгжүүлж үйлдвэр байгуулснаар Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахаас гадна 2 улсын эртний анх нөхдийн холбоо эдийн засаг, стратегийн түншлэлээр өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих, Газрын тос боловсруулах үйлвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үеийнхээс 2021 онд бүтээн байгуулалтын шатад шилжсэн билээ.

Сэтгэгдэл бичих