Оюутолгой ХХК-ийн гүнийн уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 88 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус компани энэ оны III улирлын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын голлох үзүүлэлт, гүнийн уурхайн төслийн явцын талаар сэтгүүлч нарт танилцуулж мэдээллээ.
Уурхайд 4227 метр гүн малталтыг хийж, гүнийн уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг ирэх оны эхний хагаст эхлүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар тус компани улс болон орон нутгийн төсөвт нийт 237 сая ам.доллар буюу 717 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг төвлөрүүлэн төлжээ. Үүнээс энэ оны III улиралд хамаарах дүн нь 73 сая ам.доллар буюу 233 тэрбум төгрөг болжээ.
Тайлант хугацаанд Оюутолгой ХХК 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 525 нь Монгол Улсын үндэсний ААН, иргэд байна. Үйл ажиллагааны хүрээнд худалдан авалтын 75 хувийг үндэсний ханган нийлүүлэгч нарт зарцуулжээ.
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер байгаль орчны чиглэлээр хийж буй ажлаа танилцуулж хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэн, энэ хүрээнд ойрын 10 жилд 100 сая мод тарихаар амласнаа тодотгож, энэ жилийн хувьд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт өөрсдийн ажиллагсад, тэдгээрийн гэр бүл болон түншлэгч, гэрээт байгууллагуудын хамт 50 мянга орчим мод, суулгац тариад байгааг мэдээллээ. Оны эцэст дээрх тоог 100 мянгад хүргэнэ гэв.
Тус компани Богд хан уулын дархан цаазат бүсэд 70 га газрыг моджуулж, ойжуулж байна. Түүнчлэн БОАЖЯ-тай хамтран Сэлэнгэ аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайгаас орхигдоод буй газруудыг нөхөн сэргээх хамтын ажиллагааг эхлүүлж, эхний ээлжинд 330 га-г нөхөн сэргээж байгаа аж.