Манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд Монгол Улсад эрчим хүчний суурь горимын тохируулга хийнэ.
Мөн нөөц чадлыг богино хугацаанд гаргах, маневрлах чадвартай том чадлын хийн станцыг барьж байгуулна. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц оновчтой болж импортын эрчим хүч буурч, байгалийн хий ашиглах боломж нээгдэх талаар төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдээлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 13000 ажлын байр нэмэгдэх юм.
Москва хотноо өнгөрсөн 7 хоногт болсон ОХУ-ын “Эрчим хүчний долоо хоног” форумын үеэр ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн “Сибрийн хүч-2” төслийн талаар хөндсөн юм. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эрчимтэй хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгдэж, тус төслийн Монголын хэсгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох болно гэдгий онцолжээ.
Тэгвэл манай улсын талаас уг төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдэгдэж байгаагаар, байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болно хэмээн үзэж байна.
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих төсөл нь ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө. Байгалийн хий дамжуулах хоолой нь газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.