Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаас огцрохгүй гэдгээ мэдэгджээ

оруулсан Алсын Хараа

Эрх баригч Консерватив намын хэд хэдэн депутат огцрохыг шаардаж байгаа хэдий ч Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

"Улс орны эрх ашгийн төлөө бодлого явуулахын тулд би энэ албан тушаалд сонгогдсон. Маш хүнд хэцүү цаг үеийг бид туулж байна. Бид Консерватив намын тухай ярьж цаг алдаж болохгүй, үүний оронд ажлаа хийх хэрэгтэй. Энэ бол миний хамтран ажиллагсдадаа хандаж хэлэх үг. Би үндэсний эрх ашгийн төлөө ажиллахын тулд албан тушаалдаа үлдэнэ” гэж Лиз Трасс Их Британийн телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Консерватив намыг 2024 онд болох парламентын дараагийн сонгуульд оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна, Трасс санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэсэн Засгийн газрын эдийн засгийн хөтөлбөрийг танилцуулахдаа алдаа гаргасандаа британичуудаас уучлалт хүссэн байна. “Би хариуцлагыг хүлээж, гаргасан алдаандаа уучлалт хүсэж байна. Би хүмүүст эрчим хүчний төлбөрөө хийхэд нь туслахын тулд, өндөр татварын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч бид хэтэрхий хол, хэтэрхий хурдан явсан. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх шинэ стратегитай шинэ сайдыг томилсон" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Засгийн газраас зарласан татварын шинэчлэлийн хөтөлбөртэй холбогдуулан Консерватив намын таван депутат Трассыг огцрохыг уриалжээ.

Есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан татварыг их хэмжээгээр бууруулах төлөвлөгөө нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсөн бөгөөд британичууд эрх баригчдаа хамгийн чинээлэг оршин суугчдын эрх ашгийн төлөө эдийн засгийн бодлого явуулж байна гэж буруутгасан байна. Түүнчлэн хувьцаа, бондын зах зээлийг уналтад хүргэсэн нь фунт стерлингийн ханш зарим үед хамгийн доод түвшинд хүрч, ам.доллартой бараг тэнцэхэд хүргэжээ.

Үүний дараа Их Британийн эрх баригчид ашиг орлогын албан татварын дээд хэмжээг 45 хувиас 40 хувь болгож бууруулахаас татгалзахаас өөр аргагүй болсон ч энэ нь Консерватив намын рейтингийн уналтыг зогсоосонгүй.

Эцэст нь Трасс хөтөлбөртөө хоёр дахь удаагаа засвар оруулж, аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 25 хувиас 19 хувь болгож бууруулах санаачилгаа хумиж, суудлаа хадгалж үлдэхийн тулд Сангийн сайд Квази Квартенгийг огцруулжээ.

Сангийн шинэ сайд Жереми Хант 10 дугаар сарын 17-нд мэдэгдэхдээ, Засгийн газар улсын өрийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс Их Британийн айл өрхүүдийн цахилгаан, хийн тарифыг өмнө нь амласанчлан хоёр жилээр биш долоон сарын хугацаанд царцаана гэжээ. “Daily Mail” сонинд урьд нь мэдээлсэнчлэн парламентын гишүүд Трасст итгэл үзүүлэх эсэх асуудлаар намын гишүүдийн дунд санал хураалт явуулах шаардлагатай байгаа асуудлыг энэ долоо хоногт тавьж магадгүй байна.

Сэтгэгдэл бичих