Газрын тосны олборлолтоо бууруулах “ОПЕК+” бүлгийн орнуудын шийдвэрийг Кувейт, Бахрейн, Оман болон Ирак улс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Кувейтийн төрийн мэдээллийн KUNA агентлагийн уламжилснаар, тус улсын Үндэсний газрын тосны компанийн ерөнхий захирал, шейх Наваф Сауд ас-Сабах “үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах" эрмэлзэлтэй байгааг дахин нотолж, “ОПЕК+”-ийн шийдвэрийг сайшааж байна.
Иракийн төрийн газрын тосны SOMO компанийн мэдэгдсэнээр, “ОПЕК+”-ийн шийдвэр нь "эдийн засгийн үзүүлэлтүүдэд суурилсан бөгөөд мэргэжлийн, бодитой, санал нэгтэй батлагддаг". "“ОПЕК+”-ийн орнууд өнөөгийн цаг үеийн хамгийн сайн арга бол зах зээлийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд шаардлагатай зөв чигийг тогтоох цагаасаа түрүүлсэн арга зам гэдэгтэй санал нэг байна" гэж тус компани мэдэгдсэнийг Иракийн мэдээллийн “Shafaq News” цахим хуудаст эш татжээ.
Оман улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яамнаас мэдэгдэхдээ, “ОПЕК+”-ийн шийдвэрүүд нь “зөвхөн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодит байдалд тулгуурладаг" гэсэн бол Бахрейны хаант улсын Газрын тос, байгаль орчны сайд Мухаммед Мубарак бен Дин оролцогчид гэрээг санал нэгтэй баталсныг цохон тэмдэглэжээ.
“ОПЕК+”-ийн шийдвэр нь “техникийн шинж чанартай” гэж Алжир улсад айлчлал хийж байгаа ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Кувейтийн төлөөлөгч Хайсам аль-Гайс мэдэгдсэн байна. “Байгууллага тодорхой үнийг чиг болгодоггүй, харин эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийг эрмэлздэг” гэж тэрбээр хэлснийг "Аль-Арабия" суваг дамжуулсан байна.
“ОПЕК+”-ийн шийдвэр. “ОПЕК+” гэрээнд оролцогч орнуудын төлөөлөгчид 10 дугаар сарын 5-нд Вена хотод биечлэн уулзахдаа 11 дүгээр сараас эхлэн газрын тосны олборлолтоо хоногт 2 сая торхоор бууруулахаар тохиролцож, түүнчлэн хэлэлцээрийг 2023 он дуустал сунгасан юм. ОХУ болон Саудын Араб газрын тосны олборлолтоо наймдугаар сарын түвшинтэй харьцуулахад өдөрт 526 мянган торхоор бууруулж, өдөрт 10.478 сая торх болгож магадгүй гэж таамаглаж байна. “ОПЕК+” бүлгийн орнуудын газрын тосны нийт олборлолтын хэмжээ өдөрт 41.856 сая торх болно.
Дээрх шийдвэртэй холбогдуулан Цагаан ордон мэдэгдэхдээ, “ОПЕК+”-ийн шийдвэр нь Саудын Араб эрчим хүчний бодлогоо Оростой зөвшилцөж байгааг харуулж байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон, Эр-Риядын харилцааг эргэн харах шаардлагатай гэж мэдэгдсэн.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдэгдсэнээр, “ОПЕК+”-ийн орнуудын шийдвэр нь дэлхийн зах зээлийг тэнцвэржүүлэхэд чиглэгджээ.