Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бзтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо болж байна.
Тус наадмыг “Сөүл руу буцсан нь” киногоор “тэнгис” кино театрт өнөөдөр 18.00 цагт нээх юм.
Энэ жилийн наадмын онцлох орноор БНСУ сонгогдсон бөгөөд Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээсэн Монгол, БНСУ, Франц, Португал, Бельги, Турк, Швед, Испани, Исланд, Польш, Румын, Швейцар, Герман, Их Британи, Дани, Нидерланд, Чех зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний нэг киног үзэгчдэд толилуулна.
“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатай нээнэ.
Уг бүтээлд хүний хань болж, ертөнцөд эх хүн байхын учир утгыг бөх Төмөрийн эхнэр Нарангийн амьдралаар үзүүлж, хуучин шинэ үзэл бодлын зөрчил дунд нандин хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал хэрхэн төлөвшиж буйг харуулжээ.
79 дүгээр Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.
Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулах юм.
Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрдэг. Энэ жилийн хувьд найруулагч Н.Ган-Очирын “Дасгалжуулагч”, найруулагч Б.Баатарын “Этгээд”, найруулагч Д.Баттөмөрийн “Трио” гэсэн гурван кино хөтөлбөрт оржээ.