ДЭЛХИЙН УЛС ТӨР: ХКН-ын XX их хурал дэлхий дахины анхаарлын төвд

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр эхэлж буй Хятадын Коммунист намын /ХКН/ XX их хурал бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд “эрин үеийн шинжтэй түүхэн үйл явдлын” өрнөлийн талаарх таамаг дүгнэлтүүдээ олон орны шинжээч, эдийн засагчид дэвшүүлсээр байна. Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох БНХАУ-ын цаашдын хөгжлийн төлөв ойрын 5-10 жилийн хугацаанд ямар байх вэ гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татах нь зүйн хэрэг.

Тус их хуралд Хятад улсын өнцөг булан бүрээс намын бүх шатны үүр, хороодын 96 сая гаруй гишүүдийг төлөөлсөн 2300 орчим хүн оролцох ба намын удирдах бүрэлдэхүүнийг сонгох эцсийн шийдвэрийг Сахилга батыг хянан шалгах Төв комисс, 204 гишүүнтэй намын Төв Хороо, 25 гишүүнтэй Улс төрийн товчоо гаргана.

Их хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө, 7-ний өдөр ХКН-ын Сахилга батыг хянан шалгах комиссын 7 дугаар бүгд хурал, 9-ний өдөр ХКН-ын Төв Хорооны 7 дугаар бүгд хурал тус тус болж, Төв Хорооны 370 орчим гишүүн их хуралд тавих намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпиний илтгэлийн төсөл ба намын дүрэмд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэж, авлигын эсрэг тэмцлийг удирдан зохион байгуулсан намын Сахилга батын комиссын тайланг сонссон байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Ши Жинпинь дараагийн 5 жилийн хугацаанд гуравдахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах нь үндсэндээ тодорхой болсон бөгөөд намын удирдлагын шинэ багаа бүрдүүлэх ёстой. Харин Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян-ы хувь заяа хэрхэн шийдэгдэх нь ажиглагчдын сонирхлыг татаж байгаа бөгөөд түүнд шинэ албан тушаал санал болгож магадгүй гэсэн яриа тархжээ. Тэрбээр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо буюу улс төрийн хамгийн дээд түвшинд чухал шийдвэрүүдийг гаргадаг 7 хүний нэг юм.

Ройтерс агентлагийн дэвшүүлж буй таамаглалаар, өдгөө 67 настай Ли Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд улс төрөөс явж магадгүй, эсвэл Хятадын парламентын дарга буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын даргаар сонгогдоно гэсэн хоёр хувилбар байгаа аж. Хятадын эдийн засагт шинэчлэл хийхийг хүсдэг Ли Көцяны нөлөө Ши Жинпиний үед нэлээд хумигдсан тул тэрбээр улс төрөөс бүрмөсөн явахыг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, энэ тохиолдолд намын дээд удирдлагад хагарал гарсан мэт сэтгэгдлийг олон нийтэд ба олон улсад төрүүлэхээс болгоомжлон Ли-г явуулахгүй болов уу.

Ли Көцян улс төрөөс холдох эсвэл өөр албан тушаалд хаших тохиолдолд түүнийг орлох хамгийн өндөр магадлалтай хүн бол засгийн газрын шадар сайдаар 2013-2018 онд ажиллаж байсан, дээр дурдсан “Том долоо”-гийн нэг болох Ван Ян мөн гэж Ройтерсийн шинжээчид таамаглажээ. Эдгээр томилгооны асуудлаар намын их хурлаас гаргах шийдвэрийг ирэх оны 3 дугаар сард хуралдах “Хятадын хоёр чуулган” буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн ээлжит чуулганаар албан ёсоор баталгаажуулж, Ерөнхий сайд болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэрс эцсийн байдлаар тодорхой болно.

Ройтерсийн дэвшүүлж буй өөр нэгэн хувилбараар, намын их хурлын шийдвэрээр Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүнээс 2 нь, Улс төрийн товчооны 25 гишүүнээс 12-15 нь солигдох бололтой байна.

Ши Жинпиний хоёр том гавьяа

Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 3 дахь удаагаа сонгогдох нь тодорхой болсон тэрбээр улсаа удирдсан сүүлийн 10 жилийн хугацаанд “бар” буюу авлигад холбогдсон өндөр дээд албан тушаалтнууд, “ялаа” буюу доод шатны авлигач түшмэдийг илрүүлэх ажиллагаа тасралтгүй явагдаж  4,7 сая албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан шалгасны дотор Чунцин хотын дарга Бо Шилай зэрэг өндөр дээд тушаалтнууд байлаа. 2020 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны бүрэлдэхүүнд цэвэрлэгээ хийж, Хууль зүйн сайд, том хотуудын цагдаагийн газрын дарга нарыг удаан хугацааны хорих ялаар шийтгэв. Тэднийг зөвхөн хээл хахуулийн хэрэгт төдийгүй намын эв нэгдлийг сарниулан бутаргасан хэмээн буруутгажээ.

Хамгийн сүүлд шийтгүүлсэн 4 том “бар” бол Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн комиссын дарга асан Шэн Дэюн, тус комиссын Шаньси муж дахь хорооны дарга асан Ли Зя, Зянсу мужийн намын хорооны дарга асан Жан Зинхуа нар болой.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 сая хүнийг ядуурлаас бүрэн ангижруулж, жирийн иргэдийн амьдралын чанарыг илт сайжруулж чадсан нь Ши Жинпиний гавьяа яах аргагүй мөн. Тодорхой хэлбэл, НҮБ-аас тунхаглан зарласан “2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах” зорилтыг Хятад улс бүхэл бүтэн 10 жилийн өмнө хэрэгжүүлж, үгээгүй ядуу гэсэн ойлголтыг бүрмөсөн халж чаджээ. Ингэснээр “бүх нийтийн хөгжил цэцэглэлтийн нийгэм” байгуулах том амбицтай дараагийн зорилтыг хэрэгжүүлж эхэллээ.

Өдгөө нам, төрийн эрх мэдлийг Ши Жинпинд төвлөрүүлж байгаа нь Барууны орнуудын зүгээс Хятадад үзүүлэх дарамт шахалт байнга нэмэгдэж буй энэ үед ХКН-ын дотор эв нэгдлийг хангах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Ковид ба эдийн засаг

Намын их хурлаас “Ковидыг тэглэх” бодлогыг зөөлрүүлж магадгүй, ингэснээр дэлхийн тээвэр логистикийн сүлжээнд үүссэн хүндрэл багасна гэж зарим эдийн засагчид найдаж байна.

Цар тахлыг дарах хатуу бодлого нь олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан боловч Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулж, ажилгүйдэл нэмэгдэхэд хүргэсэн нь хүн амын дунд дургүйцэл бухимдал үүсгэлээ.  Жишээ нь, энэ оны II улиралд Хятадын ДНБ өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөнгөж 0,4 хувиар өссөн байна. Залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин 19,9 хувьд хүрсэн нь маш өндөр тоо юм. Үүнтэй зэрэгцээд, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон үл хөдлөх хөрөнгийн салбар тамирдсаар байна. Учир нь, үл хөдлөхийн бизнес эрхлэгчид өрөө төлж дийлэхгүйд хүрсний улмаас ашиглалтанд орж буй орон сууцны тоо эрс цөөрчээ.

Гэсэн хэдий ч, яг одоогоор ковидын эсрэг бодлогыг зөөлрүүлэх нь гэсэн шинж тэмдгүүд харагдахгүй байна. Учир нь, БНХАУ байгуулагдсаны ойг 10 дугаар сарын 1-нд тэмдэглэх үеэр олон сая хүн төрөлх хот тосгондоо очиж амарснаас үүдэн коронавирусний өвчлөл нэмэгдсэн тул хяналт шалгалтыг чангатгажээ. Цар тахлын дэгдэлтийг хянаж чадаагүй ӨвөрМонголын Хөх хотын удирдлагыг ажлаас нь халсан нь ковидын эсрэг хатуу чиг шугам хэвээрээ байгаа гэдгийг харууллаа.

“Форбес” сэтгүүлд дүгнэн бичсэнээр бол, Хятад улсын эдийн засаг салаа замын уулзварт ирээд байгаа ажээ. Шинжээч Ма Гуонан хэлэхдээ, Хятадын удирдлагын зүгээс хувийн хэвшилд илүү бодитой практик дэмжлэг үзүүлэх үү эсвэл илүү социалист чиг баримжаагаар эдийн засгаа цаашид хөгжүүлэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл бичих