“Чингис хаан” музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус музейн захирал, академич С.Чулуун тодотгов.
Тэрбээр хэлэхдээ, “Музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлох, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж зохион байгуулах үе шаттай ажил явагдаж байна. Мөн музейг байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, сан хөмрөгийг баяжуулах ажил хийж байна. Музейн үзмэр бүрдүүлэлт Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд, соёлын өв зэрэг бусад газрын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалын 8 хувийг эзэлж буй юм. “Чингис хаан” музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй нэлээд томоохон хэмжээний музейд тооцогдоно” хэмээв.
“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
Музейд,
-Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
-Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
-Их Монгол Улс;
-Монголын Их эзэнт улс;
-Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
-Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
-Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.
“Чингис хаан” музей 2022 оны 10 дугаар сарын 12-ноос иргэдэд үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчлэх юм.