ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлыг хийхээр зарласан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт мэдээлжээ. “Маргааш ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдтэй хийх ээлжит хурлыг товлолоо” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
Хурлаар Крымийн гүүрний асуудлыг хэлэлцэх эсэхийг сэтгүүлчид лавлахад тэр “Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид дараа нь танилцуулна” гэж хариулжээ. Крымийн гүүрийг дэлбэлсэн халдлагыг Украины аюулаас хамгаалах алба зохион байгуулсан тухай Путин өчигдөр олон нийтэд мэдэгдсэн юм.
Харин Украины тал үүнийг зохион байгуулснаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Стратегийн ач холбогдолтой Крымийн гүүрэнд халдаж, гэмтээсэн нь Оросын хувьд ноцтой хохирол болж байна. Уг гүүрээр Украины өмнөд фронтод байлдаж буй Оросын зэвсэгт хүчний зэр зэвсэг, хангамжийг тээвэрлэдэг юм.
Оросын зарим улс төрчид Крымийн гүүрний халдлагын хариуд Украины эсрэг хатуу арга хэмжээ авахыг Путинд уриалж эхлээд байна. Тухайлбал Путиний зөвлөх асан, улс төрч Сергей Марков “Энэ бол террорист халдлага. АНУ болон түүний гар хөл болсон Украины дэглэм улаан шугамыг давах явдал цаашдаа улам нэмэгдэх нь эндээс харагдаж байна. Орос улс ямар хариу өгөх вэ? Цаашдаа ийм үйлдэл давтагдана шүү” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Оросын парламентын гишүүн Константин Долгов “Энэ бол Киевийн тоглоомын засгийн газрын террорист мөн чанарын бас нэг илрэл. Террористуудад хатуу хандах ёстой!” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ТАСС, Politico Europe