Крымийн гүүрэн дээр дэлбэрэлт болсны улмаас хэсэгчлэн нуржээ

оруулсан Алсын Хараа

/BBC/. Бямба гаргийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагтай холбодог гүүрэн дээр дэлбэрэлт болж, авто замын хэсэг нь нурсан байна. Шатахуун тээвэрлэх хэдэн хэдэн сав шатаж, гүүрэн дээрх автомашин, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Гүүрэн дээр дэлбэрэлт болж, гал гарсан талаарх анхны мэдээ Москвагийн цагаар өглөөний зургаан цагийн орчимд гарчээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гүүрээр гарч явсан ачааны галт тэрэгний түлш тээвэрлэх сав шатсан байна. Энэ тухай Крымийн тэргүүний зөвлөх Олег Крючков мэдээлсэн бөгөөд хожим нь “Крымийн төмөр зам”-ын хэвлэлийн алба баталжээ. “Хөлөг онгоц гарах арк эвдэрч гэмтээгүй, учир шалтгаан, үр дагаврын талаар ярихад эрт байна. Гал унтраах ажил үргэлжилж байна” гэж Крючков “Telegram” хуудсандаа бичсэн байна.

Харин дараа нь ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хорооноос Крымийн гүүрэн дээр ачааны машин дэлбэлсний улмаас шатахуун тээвэрлэх долоон сав шатсан гэж мэдэгджээ.

Москвагийн цагаар 10:00 цагийн орчимд ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Крымийн гүүрэн дээрх галыг бүрэн унтраасан гэж мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "болсон явдлын шалтгааныг олж тогтоох, уршгийг нь аль болох хурдан арилгах Засгийн газрын комисс байгуулахыг үүрэг болгожээ".

Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний дараа тавьсан уг гүүрийг 2018 оны тавдугаар сард нээж, нээлтийн ёслолд нь Ерөнхийлөгч В.Путин биечлэн ирж оролцож байв.

Одоо Крымийн гүүрийг Украины өмнөд хэсэг рүү зэр зэвсэг, цэргийн хангамж нийлүүлэхэд ашиглаж байгаа юм.

Гүүрийг устгах ёстой гэж Украины цэргийн командлал хэд хэдэн мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Киев Крымийн гүүрийг ашиглах боломжгүй болгох зэвсэг хараахан байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Үүнээс гадна, Украины цэргүүд Днепр мөрний баруун эрэгт байрлаж буй Оросын цэргүүдийн хангамжийн шугамыг таслах зорилгоор Антоновын гүүрэнд хэдэн сарын турш тасралтгүй цохилт өгч байгаа юм. Уг гүүр лүү хэдэн арван пуужин харвасан боловч Крымийн гүүртэй адил сүйдээгүй байна.

Сэтгэгдэл бичих