/BBC/. Стокхолм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлалаа. Энэ оны Нобелийн шагналыг Францын зохиолч Анни Эрнод олгожээ.
Эрно сүүлийн жилүүдэд энэ шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн тоонд нэг бус удаа бичигдэж байсан юм.
Энэ жил "бүүкмейкерүүдийн" гаргадаг Нобелийн шагналтнаар тодрох хамгийн өндөр магадлалтай зохиолчдийн жагсаалт төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд Францын зохиолч Мишель Уэльбек болон Мариз Конде, Японы зохиолч Харуки Мураками, Канадын яруу найрагч Анн Карсон болон зохиолч Маргарет Этвүүд нар багтаж байв.
Мөн саяхан халдлагад өртсөн Энэтхэг гаралтай Британийн зохиолч Салман Рушди, Украин дахь дайныг эсэргүүцэгч, Оросын зохиолч Людмила Улицкая нарт илүү их анхаарал хандуулж байлаа.
Дайнтай салшгүй холбоотой өөр нэг нэр дэвшигч бол Украины зохиолч Сергей Жадан юм. Яруу найрагч, зохиолч, идэвхтэн Жаданг энэ оны гуравдугаар сард нэр дэвшүүлжээ. Түүнийг Польшийн шинжлэх ухааны академи дэвшүүлсэн байна. “Яруу найрагчийн хувьд түүний дуу хоолой олон жилийн турш украинчуудад онцгой ач холбогдолтой байж ирсэн. Чөлөөт Украин орон Жаданы үгээр олон талаар ярьж, сэтгэж, түүнийг анхааралтай сонсдог” гэж Польшийн шинжлэх ухааны академи мэдэгджээ.
Өнгөрсөн оны утга зохиолын Нобелийн шагналыг орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна хүртсэн билээ.