Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.10.06/ Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ.
Уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлж Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн жүдоч 19 настай залуу Еүссри Сами /Youssry Samy/-тэй барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Түүний дараагийн учраа болох Мoроккогийн Юнес Саддики /Saddiki Younes/-тэй хүч үзэж мөн л вазари үнэлгээгээр давж, 3 дугаар тойрогт Тайванийн бөх Янг Юүнь Вэй /Yang Yung Wei/-тэй барилдахаар болов. Түүнийг хожвол хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
Энэ жинд ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт хийлсэн бөгөөд 2 дугаар тойрогт Чехийн жүдоч Пулкрабек Давид / Pulkrabek David/-тай барилдана.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүд 48 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд ОУХМ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нарын эхний учраанууд АНУ-ын жүдочид хүлээж байгаа.